Хатан хаан II Елизавета сэнтийд заларсны 70 жилийн ойг тэмдэглэнэ

Букингемийн ордон хатан хаан II Елизавета сэнтийд заларсны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийг танилцуулжээ. Ой тэмдэглэх хүрээнд хагас жилийн турш Их Британи даяар олон арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд өнөөдрөөс эхлэх аж.
ВВС агентлагийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 10-ны ням гаригт хоолны тэмцээн нээлтээ хийх юм байна. Энэ тэмцээнд хатан хааны ойд зориулсан онцгой хоол бэлтгэх хүсэлтэй хүн бүр оролцох аж.
Түүнчлэн тавдугаар сарын 12-15-ны хооронд аль нэг өдрийг сонгон Виндзорын цамхагийн нутаг дэвсгэр дээр 1000 гаруй хүн, 500 морь оролцсон үзүүлбэр үзүүлэх юм байна. Харин зургадугаар сарын 2-5-ны өдрүүдийг амралтын өдөр болгон зарлах бөгөөд энэ нь баяр тэмдэглэх оргил үе болох аж. Баярын арга хэмжээний хүрээнд Лондон хотын төвд 1,4 мянган цэргийн алба хаагч, 200 морь, 400 хөгжимчин оролцсон парад болох юм байна.
Улмаар зургадугаар сарын гуравны өдөр Британийн нийслэл дэх Гэгээн Паулын сүмд тусгай баярын мөргөл болох бол дараа өдөр Букингемийн ордонд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шоу бизнесийн одууд бүхий тоглолт зохион байгуулагдах аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ