АН-ын бүлгийн хэрүүлд УИХ-ын дарга буруутай боллоо
УИХ дахь АН-ын бүлгийнхэн хуралдаж чадахгүй байгаа буруугаа УИХ-ын дарга Г.Занданшатар руу чихлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд Д.Ганбатыг бүлгийн даргын албан тушаалаас “хөөсөн”. Тэд энэ тухайгаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр хүргүүлж, чуулганы хуралдааны үеэр уншиж мэдээлэх, албажуулахыг хүсч буй. Харин УИХ-ын дарга АН-ын гишүүдийг намын асуудлаа намдаа шийдэхийг шаардаж, бичгийг мэдээлэхээс татгалзсан. Үүнээс үүдэн АН-ын бүлгийнхэн УИХ-ын даргыг буруутгаж байна. Энэ тухай УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “УИХ-ын дарга УИХ дахь нам, эвслийг хэвийн горимоор ажиллах нөхцөл бололцоог хангах ёстой. Гэтэл УИХ-ын дарга бидний хүсэлтийг хангаагүй учраас бид дахин шаардлага хүргүүлнэ. УИХ-ын даргаас АН-ын бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангаж өгөхийг дахин шаардаж байна” хэмээн мэдэгдэв. Мөн тэрбээр шаардлагатай бол Үндсэн хуулийн цэцэд хандахаа хэллээ.
АН-ыхан хоёр хуваагдсантай адил бүлэг нь ч хагараад байна. Бүлгийн гишүүд дарга Д.Ганбатыгаа огцруулаад байгаа бол Д.Ганбат даргын суудалд хэвээр байгаагаа хэлдэг. АН-ын дарга С.Эрдэнэ намын бүлэгт ямар нэг томилгоо хийхгүй гэдгээ мэдэгдээд буй юм.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ