Германы Дюссельдорф хоггүй хот болно

Германы Дюссельдорфын эрх баригчид хотоо 2023 он гэхэд "хоггүй хот" олгох томоохон зорилт тавьжээ. Энэ зорилтдоо хүрэхийн тулд гудамжинд байх хогны савны тоо, хэмжээг нэмэгдүүлж, хог ачих хуваарийг өөрчлөн, хог хаясны төлөөх торгуулийг хэд дахин нэмэгдүүлэхээр зэхэж байгаа гэнэ.
Хойд Рейн-Вестфалийн нийслэл Дюссельдорф хотыг "дэлхийн хамгийн урт баарны лангуу" гэж нэрлэх нь бий. Учир нь энэ эртний хотын нарийн гудамжуудад 260 баар, уушийн газар, кафе байрладаг юм. Тиймдээ ч зуны улиралд энд цагийг зугаатай өнгөрүүлэх гэсэн хүмүүс олноор цугларч, асар их хог хаягдал хуримтлагддаг байна. Зочид ихээр цуглахын хэрээр гудамжны хогийг цэвэрлэж амжихгүй байгаа талаар хотын захиргаа удаа дараа мэдэгдэж байв.
Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс хог хаягдал цуглуулах савнуудын тоог нэмэхээр болсон байна. Энгийн савнууд дээр нэмэж 422 "улирлын хогны сав" байршуулахаар төлөвлөсөн байна. Харин цэцгийн саванд тамхины ишээ хаядаг, харанхуй гудамжинд бие засдаг хүмүүсийг 35-178 еврогоор торгох аж. Журам зөрчсөн ийм хүмүүсийг ажиглалтын камераар олж илрүүлнэ гэж анхааруулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ