Сингапурт роботууд олон нийтийн журмыг сахиулна

img

Олон нийтийн дэг журамд хяналт тавихад роботуудыг ашиглах туршилтыг Сингапурт эхлүүлжээ. Глобал таймс сонины мэдээлснээр, "Хавьер" нэртэй эргүүлийн роботууд Сингапурын гудамжинд дэг журам зөрчсөн хүмүүсийг илрүүлж, тэдэнд сануулга өгөх аж. 

 

"Хавьер" роботууд нь төрөл бүрийн камер, мэдрэгчүүдээр тоноглогдсон бөгөөд Сингапурын төв дүүрэг болох Тоа-Пайон гудамжаар эргүүл хийх юм байна. Тэдний гол зорилго нь хууль бус худалдаачид, зориулалтын бус газар тамхи татсан хүмүүс, явган хүний замаар явсан скутер, мотоциклийн жолоочид, коронавирусийн улмаас авч хэрэгжүүлж буй нэг дор олноор цуглахгүй байх журмыг зөрчиж байгаа хүмүүсийг илрүүлэх явдал гэнэ.

 

Сингапурын эрх баригчдын онцолсноор, туршилтын явцад "Хавьер" роботууд журам зөрчсөн хүмүүст сануулга өгөх бөгөөд ямар нэг албан шаардлага тавихгүй гэнэ. Багахан хөргөгчний хэмжээтэй робот журам зөрчсөн хүн рүү ойртон очиж, хууль зөрчиж байгааг нь сануулах аж.

 

"Хавьер" робот 5 км/цагийн хурдтай явдаг, суурин дээрээ эргэж, саад тотгорыг тойрон гарах чадвартай гэнэ. Энэ роботын нэг батарей нь таван цаг ажиллахад хүрэлцэх юм байна.

 

Роботуудын эргүүл хийх хөдөлгөөний чиглэлийг хяналтын төв урьдчилан гаргана. Энэ төвд операторууд суун, видео камер болон бусад мэдрэгчүүдээс авсан дүрслэлийг шууд харах юм байна. Ийм роботуудыг эргүүлд гаргах болсон нь гудамжинд эргүүл хийх цагдаа нарын ачааллыг бууруулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх явдал гэж робот бүтээгчид мэдэгджээ. 

 

Сингапур хууль мөрдүүлэхэд дэвшилтэт технологи ашигладагаараа ихээхэн туршлагатай. Өмнө нь 2020 оны тавдугаар сард "Матар" нэртэй хоёр робот цагдаа "үүрэгт ажилдаа орж" байлаа. Эдгээр цагдаа гудамж, олон нийтийн газруудад тусгаарлалт, хүн хоорондын зай баримталж байгаа эсэхэд хяналт тавьдаг байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ