Австрид иргэдийг вакцинд албан журмаар хамруулах шийдвэр гарлаа

Австрид иргэн бүрийг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд зайлшгүй хамруулах шийдвэр гарчээ. Гэхдээ гагцхүү насанд хүрсэн хүмүүс энэ журамд хамаарна гэж Австрийн канцлер Карл Нехаммер мэдэгдсэн байна.
"Хоёрдугаар сарын эхээр албан журмын дархлаажуулалт эхэлнэ" хэмээн Австрийн канцлер мэдэгдээд, зохих хуулийн төслийг танилцуулсан байна. Нехаммерын өгүүлснээр, гагцхүү 18-аас дээш насныхан энэ журамд хамаарна гэдгийг онцолжээ.
"Дархлаажуулалт ашигтай хийгээд өвчнөөс хамгаална гэдгийг би итгэл төгс хэлж чадна" хэмээн канцлер мэдэгдээд, саяхан өөрөө коронавирусийн халдвар авсан ч хөнгөн өвдөж, гэрээр эмчлүүлсэн гэдгийг онцолсон байна. Тэрбээр вакцин тариулсан тул ийнхүү хөнгөн байсан гээд түүнтэй адил вакцин тариулсан ар гэрийнхэн нь огт халдвар аваагүй хэмээн мэдэгджээ.
Олон хүн вакцинд болгоомжтой ханддаг гэдгийг Нехаммер хүлээн зөвшөөрөөөд энэ бол улс төрийн асуудал биш анагаах ухааны асуудал гэдгийг онцолсон байна. Хэн нэгэн нь улс төрчид итгэдэггүй байж болно, тиймээс вакцинд эргэлзвэл эмчтэй ярилц хэмээн тэрбээр зөвлөжээ.
"Би өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хариуцлага хүлээдэг, мөн хувийн шийдвэрээ гаргадаг. Гэхдээ бид нийгмийн гишүүд тул нийгмийн аюулгүй байдлын тухай, хамтын сайн сайхны төлөө ярьж байгаа үед бид бүгд хамтдаа хариуцлага хүлээж байдаг" хэмээн Австрийн канцлер мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, гагцхүү албан журмаар дархлаажуулж байж л хүмүүс чөлөөтэй амьдрах боломжтой гэнэ.
"Үгүй бол хөл хорио тавихаас аргагүй болно, халдвараас үүдэлтэй хөл хорионы үр дагавар ялангуяа хүүхдүүд хүчтэй нөлөөлнө. Эрх чөлөөний хамгаалагч бол албадан дархлаажуулалт" хэмээн Нехаммер цохон тэмдэглэжээ.
Kurier сонины мэдээлснээр, албан журмын дархлаажуулалт хэд хэдэн үе шаттай явагдах аж. Хоёрдугаар сарын нэгнээс гуравдугаар сарын 14-ний хооронд иргэдэд тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тарилга тариулах шаардлагатай гэсэн итгэл үнэмшил төрүүлэх юм байна. Харин гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хяналтаын байгууллагууд дархлаажуулалтын гэрчилгээ байгаа эсэхийг иргэдээс хаа сайгүй шалгаж эхлэх гэнэ. Ингээд вакцинд хамрагдаагүй хүмүүст 600 евро хүртэлх хэмжээний мөнгөн торгууль ноогдуулах аж.
Энд дуулгахад, 8,9 сая амтай энэ улсад халдварын тоо маш өндөр, өдөрт 16 мянга орчим халдвар шинээр бүртгэгдэж байгаа юм байна. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш 1,43 сая хүн коронавирусийн халдвар авсанаас 13 915 хүн өвчний хүндрэлийн улмаас нас баржээ.
Нөхцөл байдал хүнд байгаа тул Австри улс 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хязгаарлалтуудаа чангатгасан юм. Нийтийн хоолны үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг багасгаж, зоогийн газар болон олон нийтийн арга хэмжээн дээр гагцхүү вакцин тариулсан болон халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг оруулж байгаа аж. Мөн иргэдийг FFP2 төрлийн амны хаалт зүүхийг зөвлөжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ