Ирланд ковидоор нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөртэй болно

Ирланд улс коронавирусийн цар тахлын улмаас амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх өдөртэй болохоор шийдсэн талаар Регнум агентлаг мэдээлжээ.
Цар тахлын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдрийг энэ онд гурвадугаар сарын 18 буюу тус улсыг ивээгч Гэгээн Патрикийн өдрийн дараа өдөр тэмдэглэхээр болсон байна. Ингэснээр тус улсын иргэд дөрвөн өдөр дараалан амрах аж. Харин ирэх жилээс эхлэн хоёрдугаар сарын эхний даваа гаригт дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэх гэнэ.
Түүнчлэн Ирланд улс коронавирусийн цар тахалтай тэмцэхэд тэргүүн эгнээд зогсож буй бүх эмнэлгийн ажилтнууддаа талархал илэрхийлэхээр шийджээ.
Энэ онд эмнэлгийн ажилтнууд татвар суутгагдахгүй 1000 еврогийн шагнал авах бөгөөд энэ нь "аюултай хүнд нөхцөлд ажиллаж, олон мянган хүний амь насыг аварсаных нь төлөөх хүндэтгэл" хэмээн Ирландын дэд сайд лео Варадкар мэдэгдсэн байна.
Энэхүү шагналыг зөвхөн эмч, сувилагчид төдийгүй эмнэлгийн зөөгчид, цэвэрлэгчид, түргэн тусламжийн жолооч нар ч авах аж. Түүнчлэн шинжилгээ авах болон дархлаажуулалтын цэгүүд дээр туслах ажил гүйцэтгэсэн цэргийн алба хаагчид, ахмадын асрах газруудын ажилтнууд авах юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ