Орос Украины эсрэг түрэмгийлвэл Барууныхан ямар хориг тавих вэ

Орос улс Украин руу халдвал ноцтой хориг арга хэмжээ авна гэж Барууны орнууд сануулсаар байгаа. Эдгээр хориг арга хэмжээнд ямар салбарууд багтаж болзошгүй талаар DW агентлаг таамаглажээ.
АНУ болон Европын холбоо хариу арга хэмжээнийхээ хувилбарыг одоо хүртэл нууцалж байгаа. Европын холбооны тухайд гэвэл "сүрдүүлсэн" арга хэмжээ авахгүй, харин "салбар, хувь хүн рүү чиглэсэн хязгаарлалтын арга хэмжээнүүд" авч болзошгүй аж. Энэ талаар Европын холбооны нэгдүгээр сарын 24-нд гаргасан албан мэдэгдэлд өгүүлжээ.
Салбар руу чиглэсэн хориг гэдэгт "Северный поток 2" хоолойг хааж болзошгүй гэсэн яриа ихээхэн гарсан. Оросоос Герман руу хүрдэг энэхүү хийн хоолой нь таван орны нутаг дэвсгэрээр дайрч 1234 км зам туулдаг юм. Энэ хийн хоолойг хаах хувилбар хүчтэй яригдаж байсан ч Герман нэгдүгээр сарын 25-ны өдөр ийм шийдвэр гаргахаас татгалзжээ.
Харин Австрийн Гадаад хэргийн сайд Александер Шалленберг энэ хувилбарыг таашаагаагүй бөгөөд энэ хийн хоолойг ашиглах зөвшөөрөл одоо хүртэл гараагүй, тиймээс хийн хоолойг хаах хувилбар нь хориг арга хэмжээ болж чадахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж байв.
АНУ-ын тухайд холбогдох хориг арга хэмжээнүүдийн хувилбарыг хэдийнэ боловсруулсан ч нууцалж байгаа бололтой. Барууны хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, АНУ Орос руу цахилгаан хэрэгсэл, программ хангамж, өндөр технологи нийлүүлэхэд хориг тавихаар зэхэж байгаа гэнэ. Түүнчлэн Оросыг SWIFT (shuud.mn: Банк хоорондын мэдээлэл солицоо, төлбөрийн гүйцэтгэлийн системийг хянадаг олон улсын байгууллага, систем )-ээс хасах гэсэн Европын холбооны хувилбартай санал нэгдэж байгаа бөгөөд боломжит хувилбаруудын нэг гэж тооцож байгаа аж.
Энэ хувилбарыг авч хэрэгжүүлвэл Орост хүндхэн цохилт болох юм. SWIFT-ээс салгах гэдгийг энгийн үгээр тайлбарлавал, мөнгөн шилжүүлэг, үнэт металл, үнэт цаасыг данснаасаа өөр банкны дансууд руу шилжүүлэх заавар өгдөг банкны олон улсын утасны харилцаа, эсвэл интернет кабелийг тасалсан үед үүсэх нөхцөлтэй адилтгаж болохоор. Ийм нөхцөлд аргацаах бусад хувилбарууд байгаа ч зардал их, мөн цаг хугацаа зарсан ажил болно гэж эдийн засагчид онцолдог.
Хориг арга хэмжээнийхээ талаар нууцлах нь тогтоон барих арга
Хориг арга хэмжээг өнөө хүртэл нууцалж байгаагийн өөр нэг шалтгаан нь Оросыг тогтоон барих арга гэнэ. Орост үйлдлийнх нь төлөөс ямар байхыг шууд хэлж байснаас нууцалвал түрэмгий үйлдлийг нь тогтоон барих боломжтой гэж Европын холбоо үзэж байгаа аж.
ЕХ-ны мэдэгдэж байгаагаар Орос улс Украин руу дайрмагц хориг тавих ажил хэдхэн өдрийн дотор гүйцэтгэгдэх гэнэ. Харин чухам ямар үйлдэл гаргасан нөхцөлд хориг тавих нь сонирхол татаж байгаа юм. ЕХ энэ асуултад "аливаа түрэмгийлсэн үйлдэл" гэсэн ганц л хариулт өгч байгаа. Харин АНУ-ын тухайд "хилээр ганц цэрэг нэвтэрсэн л бол довтолсон гэж үзнэ" хэмээн мэдэгдсээр байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ