АНУ Европ руу цэрэг илгээнэ

ОХУ, Украины харилцаа хурцдаж, Орос Украин руу халдаж болзошгүй гэх болгоомжлолын үндсэн дээр Барууны орнууд урьдчилан сэргийлэх, онц байдал үүссэн нөхцөлд авах арга хэмжээгээ боловсруулсаар байна.
Тэр дундаа АНУ 8.5 мянган цэргийн алба хаагчийг байлдааны бэлэн байдалд оруулсан талаарх мэдээлэл гарч байлаа. Улмаар АНУ Европ руу цэрэг илгээхээр болсон бөгөөд эдгээр цэргүүд нь элит агаарын десантынхан байна гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби мэдэгдсэнийг ВВС дамжуулжээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр Европ руу илгээх цэргүүдийн харьяалагдах анги нэгтгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээсэн байна. Гагцхүү 82 дугаар агаар десантын дивиз, 18 дугаар агаар десантын корпус, 101 дүгээр агаар десантын дивизийнхэн багтана гэдгийг л тодотгожээ.
ОХУ Украин руу дайрч болзошгүй гэж үзсэний улмаас АНУ ийнхүү Дорнод Европ руу нэмэлт хүч илгээхээр болж байгаа юм. Энэ бүс нутагт зургаан сөнөөгч онгоц, хэд хэдэн байлдааны хөлөг онгоц байршуулах юм байна. Түүнчлэн Их Британи ч Дорнод Европт цэрэг байршуулж магадгүй талаар Скай ньюс агентлаг мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ