УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр “Цагаан сар удахгүй болно. Сүүлийн хоёр жил үргэлжилсэн цар тахал улсын эдийн засаг, иргэдийн амьдралд сүүдрээ тусгасаар байна.
2020 онд агшсан эдийн засаг 2021 оны эхний хагаст 6.3 хувиар өсөж, сэргэлт идэвхжиж эхэлсэн. 2021 оны III улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 3.6 хувьтай байна. Экспортын орлого түүхэндээ анх удаа 9.2 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан. 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр улсын төсвийн орлого даван биелж, нийгмийн даатгалын санд тодотгол хийн, хөрөнгө оруулалтын зарим зардлаа танах замаар эх үүсвэр бүрдүүлж, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхээр Засгийн газар шийдвэрлэж, хуулийн төслийг өргөн барилаа.
Монголын төр үхэр жилийн босгон дээр ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэж байсан бол бар жилийн босгон дээр тэтгэвэр нэмэх шийдвэрийг гаргах гэж байна. Усан бар жил Монгол Улсын хувьд шинэ сэргэлтийн жил байх болно. Шинэ гарааны эхэнд ахмадууддаа ач санасан шийдвэр гаргах нь түмнээ төлөөлсөн төрийн түшээд бидний үүрэг юм” гэдгийг хэллээ.
Төсвийн тодотголын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар шуурхайлан ажилласныг хэллээ.
Ахмад настны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөж, 500 мянгаас дээш хэмжээтэй тэтгэврийг 15 хувиар нэмэхээр тусгалаа. Ингэхдээ
-Төсвийн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх
-Улсын төсвийн давсан орлогыг ашиглах
-Тэвчиж болох зардлуудыг танах
-Зураг төсөл нь тодорхойгүй болон төсвийн хэлэлцүүлгийн явцад шинээр нэмэгдсэн зарим төслүүдийг хасах замаар эх үүсвэрийг бүрдүүлэхээр тооцлоо.
Ингэснээр 2022 оны төсвийн нийт зардал нэмэгдэхгүй, мөн орлого буурахгүй.
2021 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлого 102.7 хувийн биелэлттэй байна. Үүнээс нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 322.3 тэрбум төгрөгөөр давж биелэлээ.
Тэтгэвэр нэмэх шийдвэр Засгийн газарт амаргүй сорилт байх болно. Дөнгөж идэвхжиж байгаа эдийн засаг эргэн хэвэндээ ороход цаг хугацаа шаардлагатай. Гэхдээ цар тахлын хүндрэлийг хохирол багатай даван туулж, иргэдийн амьжиргаанд нөлөөлөх сөрөг үр дагаврыг бууруулах нь төр засгийн чухал үүрэг гэдгийг гүнээ ухамсарлаж, Ерөнхийлөгчийн үүрэг чиглэл, УИХ-ын гишүүдийн тавьсан саналыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, Засгийн газар энэ шийдвэрийг гаргалаа" гэдгийг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Тэтгэвэр нэмэх бодлогыг дэмжинэ. Гэхдээ тооцоо судалгаа хийж, үе шаттайгаар нэмэх байсан. Ахмадын тэтгэврийн огцом нэмэгдэлт цаашдаа цалин, халамжийн тэтгэвэр нэмэх асуудал болно. Тэтгэвэр, тэтгэмж, цалингийн нэмэгдэлийн эх захгүй нэмэгдсэн уралдаан үнийн өсөлтийг ташуурдана. Тиймээс бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг барихад анхаарах ёстой. Олон асуудал үүснэ, үүнд Засгийн газар бодлого гаргаж, илүү анхаараасай.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Тэтгэвэр, тэтгэмж нэмэхийг дэмжиж байна. Би УИХ-ын гишүүдээс жаахан ичлээ. Төсөв хэлэлцэх үед, ээлжит чуулганаар нухацтай хэлэлцэх боломжтой байсан. Хэлэлцээгүй, сонгогчдын төлөөлөл болох чадваргүй УИХ-ын гишүүдтэй болсон байна. Олон чуулганаар ярьсан. Ард иргэдийн төлөө зүтгэдэг байх ёстой. Хөшөө дурсгалаа болиод тэтгэвэрээ нэмье гэж зөндөө хэлсэн.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Төсөв хэлэлцэх үед саналууд гаргасан. Нийтдээ 290 төсөл арга хэмжээ байгаа. Богд Зонхова, Соёлын төв, захиргааны барилга зэргийг царцаавал 575 тэрбум төгрөг гарч ирэх боломжтой байгаа. Энэ арга хэмжээнүүдийг хасаад 575 тэрбум төгрөг хэмнээд өгье. Өнгөрсөн жил эдийн засаг хүндрэлтэй байсан ч нийгмийн даатгалын сангийн орлого 24 хувь буюу 735 тэрбум төгрөгөөр өссөн. 400 гаруй иргэн өндөр настны тэтгэвэр авч байгаа. Нийгмийн даатгалын сан 24 хувиар, тэтгэвэр авагч 10 хувиар нэмэгдэж байгаа. Хамтын сангаас тэтгэвэр нэмэх бүрэн боломж байгаа. Засгийн газар зоригтой шийдвэр оруулж ирж байна. УИХ зарим хөрөнгө оруулалтыг зоригтой хасаад мөнгө гаргая.
Сангийн сайд Б.Жавхлан: Тэтгэврийн нэмэгдэлтэй холбогдуулан нийтдээ 637 тэрбум төгрөгийн зохицуулалт хийнэ. 123 төслийн 260 тэрбум төгрөгийн зохицуулалт хийгдэж байна. Мөн 50 тэрбум төгрөгийн урсгал зардал, 30 тэрбум төгрөгийн гадаадын зээл тусламжийн зохицуулалт хийгдэнэ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Зоримог шийдвэр гаргаж байгаад талархаж байна. Энэ удаа бага тэтгэвэр дээр их, их дээр бага нэмэх байдлаар зохицуулж болдоггүй юм уу. Тэтгэврийн зөрүү арилгана гэж ярихаас санаа зовдог болж байна. Эх үүсвэрийн хувьд боломж байгаа шүү. Хэтэрхий олон яамд, үрэлгэн зардлаа танах хэрэгтэй. Хөгжлийн банкны луйварыг хэрхэвч зүгээр орхиж болохгүй.
Сангийн сайд Б.Жавхлан: Хөгжлийн банктай холбоотой асуудалд Засгийн газар нэлээн хатуу, хичээж ажиллаж байгаа. Хөгжлийн банк сүүлийн хоёр жилд шинэ зээл олгоогүй. Энэ бол маш харамсалтай зүйл болж байна. Нийт зээлийн багцын 55 хувь нь чанаргүй байна. Уг нь энэ банк хөгжлийн олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх идэвхтэй тоглогч болох ёстой. Харамсалтай нь олон чанаргүй зээлээс болж зогсолтод ороод байна. Цаашид эргэлтэд оруулахын тулд бүхий л боломжоо дайчлан ажиллана. Ялангуяа чанаргүй зээлдэгч нартай хууль, эдийн засгийн аргаар ажиллаж байгаа. Гэвч хүнд нөхцөлд байна.
Ийн гишүүд үг хэлж дууслаа. Үргэлжлүүлэн байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Б.Хэрлэн