13 дахь сарын цалингаараа 67 гэр бүлд тусалсан С.Эрдэнэбаяр

img

 

Даваа гарагийн мэнд. Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болоход хоёр хоног үлджээ.Энэ өдрүүдэд иргэд цагаан сарын бэлтгэлээ базааж, ихэд завгүй байна. Коронавирус цар тахлын улмаас УОК, ЭМЯ болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд бус гэр гэртээ тэмдэглэхийг уриалж байгаа. Уг уриалгыг дэмжиж, сар шинийн баярт зориулдаг байсан 13 дахь сарын цалингаа сайн үйлсийн аянд зориулж буй нэгэн эрхэмтэй  хаанаас ч  хэзээ ч мэдээлэл авч болох цахим орчноор дамжуулж холбогдлоо.

 

Түүнийг Сандагдоржийн Эрдэнэбаяр гэдэг. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд ажилладаг аж. Ингээд түүнтэй цөөн хором ярилцлаа.

 

-Сайн байна уу? Таны өөрийн цахим хуудаснаа бичсэн 13 дахь сарын цалингаа сайн үйлсийн аянд зориулж буй талаарх постонд олон хүн сайшаалтай хандаж байна. Энэ хүнд хэцүү цаг үед нийгэмд эерэг энерги түгээж байгаад баяртай байна.  Яагаад та 13 дахь сарын цалингаа сайн үйлсийн аянд зориулах болов гэдгээс хоёул ярилцлагаа эхлэх үү? Мөн та өөрийгөө товчхон танилцуулаач?

 

-Намайг Сандагдоржийн Эрдэнэбаяр гэдэг эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, 35 настай. ШУТИС-ийн харьяа Эрдэнэт хот дахь Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд 15 дахь жилдээ ажиллаж байна.

 

Анх 2020 онд дэлхий нийтэд коронавирус цар тахал дэгдсэнээс хойш амьдралын боломж муутай гэр бүлд тэр дундаа эх орны минь гэрэлт ирээдүй болсон энхрий бяцхан хүүхдүүддээ өөрийн чадах зүйлээрээ туслахаар шийдсэн. Тодруулбал, гэр хороололд байдаг 0-5 насны хүүхэд нь эмнэлгийн туслам авах шаардлагатай, халуун буулгах эмний мөнгөгүй, ханиад дарах эм авч чаддаггүй айлыг олж тусламжийн гараа сунгахыг хүссэн.

 

Өмнө нь 13 дахь сарын цалингаа сар шинийн баярт зориулдаг байсан. Энэ жилийн хувьд цар тахлын тархалт их байгаа учраас гэр бүлээ, үр хүүхдүүдээ эрсдэлд оруулж, сар шинийн баярыг тэмдэглэхгүйгээр 13 дахь сарын цалингаараа сайн үйлс хийе хэмээн шийдсэн. Ер нь хүнд туслах сайхан шүү дээ. Бид шагнал эзнээ оллоо гэж ярьдаг шиг тусламж мөн эзнээ олох сайхан. Би хэн нэгэнд туслах нь дэлхийг өөрчлөхгүй ч тэр хүний ертөнцийг өөрчилж болно шүү дээ.

 

Нууц биш бол та 13 дахь сарын цалин  хэдэн төгрөг авсан бэ? Тус цалингаараа хэдэн айлд туслав?

 

-Би 13 дахь сарын цалин  2.2 сая төгрөг авсан. Цалингаа сайн үйлсийн аянд зориулах талаар пост оруулснаас хойш тусламж хүссэн 400 гаруй дуудлага ирсэн. Тусламж хүссэн нэг хүнтэй утсаар ярьж байхад цаана нь 2 хүний дуудлага орж ирж байсан. Утас дуугарахад тухайн дуудлагыг авахад , "дуудлагын төлбөрийг таниар хийлгэхийг хүсэж байна" гэдэг үйлчилгээ хүртэл байдаг гэдгийг мэддэггүй явлаа. Дөрвөн өдрийн хугацаанд 67 гэр бүлд  хүрч 67 бяцхан зүрхийг баярлуулж, 67 эхийн баярын нулимс, маш их баярлалаа зэрэг талархлын үгсээр тэжээгдэж урам авлаа.

 

Эхний өдөр сүүлийн айлдаа шөнийн 00:50 минут очсон. Сэтгэл эмзэглүүлсэн  нэг зүйл нь тусламж үзүүлсэн нийт өрхийн 80 орчим хувь нь 20-30 насны  өрх толгойлсон эмэгтэйчүүд байсан. Энд нэг айлыг онцолж ярихыг хүсэж байна. Эхний өдөр 22:00 цаг орчимд "3 сартай охин минь халуураад байна" гэх дуудлагаар очиход дан эсгий туургатай монгол гэрт  залуухан ээж 3 сартай  жаахан охин, түүний эгч нь болох 2 нас арай хүрээгүй бололтой сэргэлэн шар охин, гэрийн эзэн аятай том дуугарсан 5 настай хэрсүүхэн хүү нар угтаж авлаа. Гурван сартай охин нь  хоёр дахь өдрөө халуураад хүйтэн жин тавихаас өөр эмчилгээ хийж чадахгүй сууж байна гэх залуухан ээжийн яриаг сонсоод зүрх урагдах шиг болсон. Надад халуун буруулах НУРАФИНЫ сироп байсан бөгөөд охинд уулгаад эмнэлэг рүү авч явсан.  Бид  эмнэлэгт үзүүлтэл эмч "хэвтүүлэн эмчлэх шаардлагатай" гэхэд 2 болон 5 настай хүүхдүүдийг нь харах хүн байхгүй тул гэрээр эмчлүүлэхээр болсон. Ингээд эмийн жороор эмийн сангаас эм авч гэрт нь хүргэж өгсөн. Гэрт нь хүргэж өгөх замдаа залуухан ээжээс зориглон "хүүхдүүдийн аав хаана байгаа вэ" гэхэд бага охиноо гэдсэнд байхад биднийг орхиод явсан гэлээ. 

 

Тиймээс  зарим нэг залуус дүү нартаа хандаж хэлэхэд гэр бүл зохиох гэдэг нь айл гэр болж тоглох биш шүү дээ. Өнөөдөр танилцаад маргааш нь үерхэе, нөгөөдөр нь сууя гэж битгий сэтгэл хөөрлөөр хандаарай. Энэ хөөрсөн сэтгэлийн чинь цаана тэр тусмаа хүүхэд хохирч байна. Эцэг хүн гэдэг эрхэм нэрний эзэн нь болсон л бол хариуцлагатай байхыг  хатуухан бөгөөд хариуцлагатайгаар зөвлөмөөр байна.

 

Эрдэнэт хотод ажиллаж амьдрах боломж хэр байна вэ? Цар тахлаас үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үү?

 

-Эрдэнэт хот бол уурхай дагаж сүндэрлэсэн энэ жил 46 нас хүрч байгаа залуусын хот. Монгол орон ардчиллын замаар замнаж зах зээлд эргэлт буцалтгүй орсон цаг дор дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр худалдах бараагүй байхад өнөөгийн Монголыг бидэнд авчирсан буянтай хот шүү дээ. Цагтаа улсын төсвийн тал хувийг дангаар үүрч явсныг Монголын ард түмэн мэднэ. Жишээлбэл, төрийн албан хаагчийн цалин таван зуун мянган төгрөг гэж бодъё. Эрдэнэт үйлдвэр зогсоход хүссэн хүсээгүй хоёр зуун тавин мянган төгрөг болж буурна. 20-р зууны Манлай бүтээн байгуулалт, Дэлхийн шилдэг аж ахуй нэгж, Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газраараа ганц Эрдэнэтчүүд төдийгүй Монгол хүн бүр бахархаж цай сүүнийхээ дээжийг бор ууландаа өргөж байх хэрэгтэй гэж боддог. Энэ сайхан уулынхаа буяныг сүүлийн 1 жил Монгол түмэн минь хүртэж байна шүү дээ, одоо ч хүртсээр л байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэдгийг хэлж мэдэхгүй байна. Магадгүй манай эхнэрээс асуувал хэлэх байх /инээв/

 

Танай аймагт цар тахлын нөхцөл байдал ямар байна вэ?

 

-Орхон аймаг Эрдэнэт хотын хувьд сүүлийн долоо хоногийн хугацаанд коронавирус халдварын 1000 орчим тохиолдол бүртгэгдэж Улаан түвшинд шилжлээ гэж аймгийн эрүүл мэндийн газраас мэдээлж байсан.

 

 

Ярилцлагынхаа төгсгөлд уншигчдадаа хандаж үг хэлэхгүй юу?

 

-Хүмүүн заяаг олж төрсөн хэн ч бай Аав хүн, ээж хүн хэмээх эрхэм нэрний эзэн болно. Үр минь үлдэх хорвоод зөв л үлгэрлэж амьдрах юмсан гэж боддог, Азарганыхаа хүрээгүй газар унага нь хүрдэг ёстой, Аавынхаа хүслийн дутууг хүү нь гүйцээдэг учиртай гэдэгчлэн би аавынхаа хүслийн дутууг гүйцээхийн төлөө зүтгэж яваа жирийн бөгөөд эгэл нэгэн аав хүн, мөн үр хүүхдүүдийнхээ үлгэрлэн дагуулагч сайн аав нь байхын төлөө амьдралаас суралцаж яваа эцэг хүн, тиймээс Монголын баялаг бол хөрсөн доорх баялаг биш, Эх орны минь гэрэлт ирээдүй болсон энхрий бяцхан үрсүүд минь юм шүү гэж хэлье, Айл бүрийн хойморт аз жаргалтай инээлдсэн хүүхдийн дуу цангинаж, Өрх бүр элэг бүтэн байх болтугай гэсэн ерөөлийг өргөн дэвшүүлье

 

Ярилцсанд  баярлалаа. Амжилт хүсье.

 

Г.Мичид

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

13 дахь сарын цалин олгоддог газар бараг л байхгүй шдээ.
2022-01-31
Z:
Iim saihan zaluus olon boloosoi. Amidral did ni az jargal husie.
2022-01-31
Зочин:
Айлын хүүхдүүд ийм айхтар. Гэтэл МАК 13 сарын цалин чепухаа. 13сарын цалин ч гэждээ. Уул нь гар дээр ирэх цалингийн минь 10%г хүчээр татаж авчихаад өгдөггүй. Цагаан ногоон сар болох гээд байдаг. МАК-н Цэлмүүнээ Номтойбаяраа Нямтайшираа. Хэдэн ажилчид чинь цалингүй хэцүү байна шүү.
2022-01-31
зочин:
Ухаалаг залуу байна, бар жилдээ эрүүл энх, аз жаргал дүүрэн байж, бусдад туслах сайхан сэтгэлээрээ олон хүнд үлгэр дууриалал болохыг хүсэн ерөөе
2022-01-31