Бельги: Удирдлагууд ажлын бус цагаар ажилтан руу залгахыг хоригложээ

img

Хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн Бельгийн хөдөлмөрийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчлэх гэнэ. Шинэчилсэн хуулиар, удирдлагууд ажлын бус цагаар ажилтай холбоотой асуудлаар залгахыг хоригложээ. 

 

Ажлын бус цагаар залгахыг удирдлагуудад ийнхүү хориглосон бол ажилтнууд ийм дуудлага ирсэн бол утсаа авахгүй, цахим шууданд хариу өгөхгүй байх эрх үүссэн байна. Хуулинд орсон нэмэлт өөрчлөлтөөр гагцхүү "дараагийн ажлын цагийг хүлээх боломжгүй, урьдчилан таамаглах аргагүй гэнэтийн онц ноцтой нөхцөл байдал үүссэн" тохиолдолд л ажилтан руу ажлын бус цагаар залгаж болох гэнэ. 

 

Хөдөлмөрийн хуулийн шинэ заалтууд нь ажилтнууд стрессээ тайлах боломжийг олгоно гэж үзэж байгаа аж. Ялангуяа цахимаар, гэрээсээ ажиллаж байгаа үед ажлын болон хувийн цаг хугацааны хоорондын хил хязгаар алдагдаж байгаа энэ үед нэн чухал гэж үзжээ.

 

"Компьютер үргэлж асаалттай, байнга л зурвас, дуудлага ирнэ. Хүмүүсийг тайван амарч, ядаргаагаа тайлах боломж олгох ёстой" хэмээн Бельгийн Засгийн газар мэдэгдсэн байна. 

 

Одоогоор "хариу өгөхгүй байх эрх"-ийг гагцхүү Бельгийн төрийн алба хаагчид эдлэх гэнэ. Гэхдээ цаашлаад энэ журмыг хувийн салбарт ч нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ