Хятадын Хаврын баяр: Луугийн бүжиг Хань гүрний үед үүсжээ

Өнөөдөр, хоёрдугаар сарын нэгний өдөр Хятадад шинэ оны эхний өдөр, монголчуудын нэрлэдгээр шинийн нэгэн тохиож байна. Энэ өдөр монголчуудын адилаар олон ёс уламжлал, хорио цээр мөрдөгддөг бөгөөд ирэх оноо амжилт, бүтээлээр дүүрэн байлгахын тулд ийнхүү ёс цээрийг баримталдаг аж.
Эрт цагт Хятадад шинэ оныг угтах баяр сар гаруй хугацаанд үргэлжилдэг байжээ. Өвлийн улиралд хөдөө аж ахуйн ажил бага тул ийнхүү урт үргэлжилдэг байсан гэнэ. Харин өдгөө орчин үеийн амьдралын хэв маягт зохицон баярыг 10 орчим хоног үргэлжилдэг болжээ.
Хятадууд шинэ оны эхний өдрийн урд шөнө унтаж болохгүй гэж үздэг. Учир нь чухамхүү энэ өдөр бүхий л гай зовлон, азгүйтэл дайрахаар бэлдэж байдаг гэж үздэг бөгөөд үүнээс хамгаалахын тулд шинэ оны өмнөх өдөр унтдаггүй байна.
Мөн ийм шалтгаанаар баярын өмнө шинэ гутал авдаггүй, үсээ тайруулдаггүй гэнэ. Үүнийг зөрчвөл ирэх онд нь азгүйтэл дагана гэж итгэдэг аж.
Түүнчлэн баярын үеэр дуу ихтэй байх ёстой байдаг. Өмнө нь ёслолын буудлага хийх уламжлал гарахаас өмнө тогоо шанага, гэр ахуйн зүйлсээ цохин их дуу чимээ гаргадаг байжээ.
Баярын өдөр зууханд хулсны савх шатаадаг уламжлалтай. Эдгээр нь шатахдаа цууралтаас үүссэн дуу чимээ гаргах бөгөөд ингэснээр харын хүчийг зайлуулж байна гэж үздэг аж. Харин өдгөө үүнийг бенгалийн гал зэрэг бусад зүйлсээр орлуулдаг болжээ.
Өөр нэг сонирхолтой заншил нь цэвэрлэгээнд ашигладаг бүхий л зүйлсийг нуух. Шинэ оны өмнө бурхад гэр бүлд аз жаргал, амжилтыг авчрах бөгөөд аз од нь тоос хэлбэрээр тогтох тул шинэ оны өдөр гэрээ цэвэрлэдэггүй аж.
Баярын үеэр хэлэх ерөөлийг аль болох чанга хэлэх ёстой. Ингэснээр ерөөл ойрын үед биелнэ гэж үздэг.
Хятад шинэ жилээр хориглодог зүйлс
- Мөнгө зээлэх, зээлдүүлэх
- Шинэ он гарснаас хойших эхний гурван өдөр усанд орох, энэ аз одыг угаахаас сэргийлж байгаа гэнэ
- Хүүхдүүдийг уйлуулах. Хүүхэд уйлвал азгүйтэл дуудна гэж үздэг аж.
Хятадад улаан өнгийг амжилт авчирдаг гэж үздэг тул улаан бөмбөлөг, дэнлүүг хаа сайгүй өлгөн, улаан дугтуйтай мөнгө нэгэндээ бэлгэлдэг аж.
Хятадын бүхий л хот, суурингуудад шинэ оны өдөр Луугийн бүжиг зохион байгуулдаг бөгөөд энэ уламжлал Хань гүрний үед үүссэн гэж үздэг.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ