Сар шинийн ёс заншил, ЗАН ҮЙЛ

Битүүний өдрийн мэнд. XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жил гарахад нэг хоног үлджээ. Энэ өдөр иргэд сар шинийн бэлтгэлээ базаагаад тун ч завгүй байна. Битүүн, шинийн нэгний өдөр цээрлэх ёсон болон сар шинийн зан үйлийн талаар Гандантэгчэнлин хийдийн зурхайч Доржийн Цогтбаатартай ярилцлаа.
Битүүний өдөр ямар үйлийг цээрлэдэг вэ?
-Битүүн гэдэг нь Монгол тооллоор нэг оны сүүлийн өдөр гэсэн үг. Тиймээс Монголчууд битүүний өдөр гэр бүлээрээ цугларч өнгөрч буй оныхоо алдаа дутагдал, амжилт бүтээлээ дүгнэн ярилцдаг. Ингээд тухтай сайхан хооллоод ахмад настангууд нь сургааль, номоо хайрлаж, ирэх жилээ төлөвлөдөг. Мөн алаг мэлхий өрж тоглодог. Алаг мэлхийнд гал, шороо, төмөр, огторгуй, ус, уул, мод, хий гэсэн найман суудал, есөн мэнгэ, 12 жил байршдаг. Тиймээс алга мэлхий наадгай нь ирэх жилийн цээрээ арилгаж тоглодог.
Битүүний орой тотгон дээрээ яагаад мөс тавьдаг вэ?
-Уламжлал ёсоор битүүний орой бүх хүрээ хийд “Лхам” гэдэг ном хурдаг. Энэ нь битүүний орой Лхам бурхан залардаг гэж үздэг. Гэрийнхээ тотгон дээр мөс тавьж байгаа нь Лхам бурхны морийг ундаалж байна гэж үздэг. Мөн хатавчиндаа шар харгана хавчуулдаг нь муу зүйлийг гэрийнхээ үүдээр оруулахаас сэргийлж байна гэсэн үг юм.
Уламжлал ёсоор битүүний орой шинийн идээгээ засдаг. Шинийн идээ засах цаг гэж бий юу?
-Битүүний орой нар жаргахаас өмнө бич болон тахиа цагт идээгээ засвал зохистой. Ерөнхийдөө залуу гэр бүл гурван үеэр, ахмад настангууд таван үеэр, төрийн хэмжээний засалт 7 үеэр засдаг. Гэхдээ сар шинийн идээгээ олон үеэр зассандаа биш, ёс үйлдэж байгаа нь чухал. Мөн ахмад настангууд үр хүүхдээ, нутгийн олноо хүндэтгэж ууц чанадаг. Харин дунд эргэм насны хүмүүс дал дөрвөн өндөр, богтос шаант чанадаг.
Шинийн нэгэнд ямар ёс зан үйл үйлддэг вэ?
-Шинийн нэгний өглөө нар мандахаас өмнө тухайн жилд суусан суудлынхаа цээрийг арилгадаг. Тодруулбал, нар мандахаас өмнө тухайн жилийнхээ цог хийморийн зүгт гарч, суудлынхаа цээрийг арилгаж, буян хишгийн зүг буюу сайн зүгээсээ гэртээ ирнэ. Суудлын засал хийснээрээ тухайн жилдээ барцад саадаас хамгаалж байгаа ёс заншил юм.
Ингээд суудлынхаа цээрийг арилгаж, зүг мөрөө гаргаж ирээд шинэ цайгаа уугаад золголт эхэлдэг ёстой. Гэхдээ эхнэр нөхөр хоёр золгодоггүй. Учир нь хоёр бие боловч нэг хүн, нэг гал голомт гэж үздэг.
Ямар зан үйлийг тэвчдэг вэ?
-Монголчууд бид арван цагаан буян гэж ярьдаг. Шинийн нэгэнд архи дарс уухгүй байх, хэрүүл тэмцэл хийх зэрэг зүй бус зүйлсээс зайлсхийх хэрэгтэй. Энэ жил бар жилтэй хүмүүсийн жил нь орж байна. Тиймээс засал номоо сайн хийлгэх хэрэгтэй. Мөн бич жилтэй хүмүүсийн их харш жил, могой, гахай жилтэй хүмүүсийн бага харш жил гарч байна. Харш жилийн заслыг хийлгэвэл зохистой.
Баярлалаа. Сайхан шинэлээрэй.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ