Хятадын эрх баригчид барууны хэвлэлийнхнийг дарамталдаг гэв

Гадаадын сэтгүүлчид ажил үүргээ гүйцэтгэж явахдаа БНХАУ-ын эрх баригчдын эсэргүүцэл, дарамт шахалттай нүүр тулгардаг гэнэ. Энэ талаар Хятад дахь гадаадын сэтгүүлчдийн клубээс авсан эх сурвалжтайгаар South China Morning Post сонин мэдээлжээ.
Хятад дахь гадаад сэтгүүлчдийн клубийн жил бүр гаргадаг тайланд өгүүлснээр Хятадын эрх баригчид сэтгүүлчдийн эсрэг иргэний болон эрүүгийн хэрэг үүсгэх нь их, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулсан гэж буруутган сэтгүүлчдийг цагдан шалгана хэмээн сүрдүүлж байсан гэнэ.
“Одоо барууны сэтгүүлчдэд учирж буй эрсдэлийн цар хүрээ асар хурдтайгаар өөрчлөгдөж байна. Бидний бичсэн нийтлэл, сурвалжлагыг хаана, шүүхэд нэхэмжлэл гаргана гэж Хятадын эрх баригчид сүрдүүлдэг” хэмээн The Economist сэтгүүлийн Хятад дахь редакцийн эрхлэгч Девид Ренни өгүүлжээ.
Реннигийн онцолсноор өмнө нь хэвлэл мэдээлэл болон зарим сэтгүүлчдийг хар жагсаалтад оруулдаг байсан Хятадын удирдлагууд одоо хэвлэл мэдээллийг хянах тал дээр илүү нухацтай хандах болсон гэнэ.
Тэд хуулийн арга ашиглахын зэрэгцээ олон нийтийн сүлжээгээр түрэмгийн мэдээллийн кампанит ажил явуулахын тулд өөрсдийн “троллууд”-ыг ашигладаг гэж Ренни өгүүлжээ.
Илтгэлд онцолсноор, Хятадад ажиллаж байсан АНУ-ын хэвлэл мэдээллийн 18 сэтгүүлчийг 2020 онд Хятадаас хөөн гаргасан гэнэ. Мөн энэ клубийн олон гишүүн бусад оронд байрлаж байгаад БНХАУ-ын тухай мэдээллийг бэлтгэхээс аргагүй болсон бол Хятадад үлдсэн бусад сэтгүүлчид хэвлэл мэдээллийн үнэмлэхээ сунгахад хүндрэл учирдаг гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ