Мөсөн дээр дүүлэх Юма Кагияма

img

Өвлийн олимпын наадмын үеэр хамгийн үзүүштэй, үзэгчдийн сонирхлыг татдаг төрөл нь уран гулгалт гэдэгтэй маргах хүн цөөн биз. Тиймдээ ч Бээжин-2022 олимпын хоёрдугаар сарын зургааны өдөр болсон эрэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн төрөл олон хүний анхаарлыг татлаа. 

 

Уран гулгалтын спортоор Оросын урд гишгих хүн бараг л гардаггүй. Тиймдээ ч хоёрдугаар сарын зургааны өдөр багийн эрэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн төрөлд Оросын уран гулгалтын тамирчин Марк Кондратюк гарч ирэх хүртэл түүний авсан оноог давсан хүн гарч ирээгүй л байсан юм.

 

Хамгийн өндөр оноо авсан Оросын тамирчны дараа Японы уран гулгалтын тамирчин Юма Кагияма мөсөн дээр уран тансаг үзүүлбэр үзүүлэн, тун хүнд элементэд тооцогддог үсрэлтийг хэд дараалан хийж, эгээ л өд мэт, цас мэт талбай дээгүүр хөвөв.

 

Түүний  гайхамшигт үзүүлбэрийг шүүгчид ч өндрөөр үнэлэв. Юма Оросын тамирчнаас 20 гаруй оноогоор давамгайлж, 208,94 оноо авснаар чөлөөт үзүүлбэрт ялагч болсон юм. 

 

"Миний ард баг минь бүхэлдээ байсан. Тэд баяртай байгаад би сэтгэл хангалуун байна. Намайг өөрийгөө бүрэн дайчилж, юунд ч харамсах хэрэггүй гэж аав минь хэлсэн юм. Би огт сандраагүй. Өмнө нь би сандарч тэвдэхгүйн тулд өөрийгөө хуурдаг байсан. Биеэ сул тавьж, таашаал ав гэж өөртөө хэлдэг байлаа. Харин өнөөдөр жинхнээсээ үзүүлбэрээсээ таашаал авлаа" хэмээн Юма Кагияма үзүүлбэрийнхээ дараа сэтгүүлчдэд ярьжээ. 

 

Удам дагасан уран гулгаач

Хосгүй үзүүлбэрээр гайхуулж, өндөр оноо авснаараа багаа гуравдугаар байранд оруулж чадсан 18-хан настай Юма Кагияма удам дагасан гулгаач.

 

2021 оны Дэлхийнх аваргын мөнгөн медальт, Дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Японы АШТ-ий гурван удаагийн хүрэл медальтан тэрбээр 2020 онд өсвөн насныхны төрөлд Олимпын аварга, Японы аварга, 2020 оны ДАШТ-ий мөнгөн медаль хүртэж байжээ. 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар тэрбээр дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж байгаа аж. 

 

Түүнийг аав нь дасгалжуулдаг. Аав нь Масаказу Кагияма бөгөөд тэрбээр 1992, 1994 оны олимпуудад оролцож байжээ. Мөн улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд гурвантаа аварга болж байсан туршлагатай Масаказу өдгөө хүүгээ дасгалжуулдаг аж. 

 

Юма таван настайгаасаа тэшүүрээр гулгаж сурсан байна. Тэрбээр аавынхаа удирдлаган дор "Тояма" төвд бэлтгэлээ хийж эхэлсэн бол дараа нь 1998 оны Олимпын тэмцээн болж байсан Каруизаву руу тэдний гэр бүл нүүсэн байна. Ингээд Кагияма олимпын хотхон байсан газрын мөсөн талбай дээр хичээллэж эхэлжээ. 

 

Юма анх 15 насандаа олонд өөрийгөө таниулсан байна. Asian Open Trophy 2018/2019 улиралд Юма залуусын төрөлд ялалт байгуулсан байна. Улмаар Канадад болсон Гран-Пригийн өсвөр насныхны шатанд дөрөвдүгээр байранд оржээ. Харин Арменид болсон тэмцээнээр анхны мөнгөн медалиа хүртсэн байна. Үүний дараа 2019/2020 улиралд Францын Гран-прид өрсөлдөх үеэрээ дөрөвдүгээр байранд орсон ч дэлхийн өсвөр үеийнхний дээд амжилтыг тогтоосон юм. 

 

Цаашлаад 2020/2021 улиралд NHK Trophy-д ялалт байгуулсан бол 2021 оны 12 дугаар сард Японы АШТ-п хоёрдугаар байранд орж байсан гээд түүний амжилтуудын жагсаалт арвин. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ