Канад, Оросын хоккейчид амны хаалттайгаар тоглож байна

Орос, Канадын эмэгтэй хоккейчид Бээжингийн олимпын тэмцээн дээр амны хаалттай гарч ирсэн талаар "КП-Спорт" мэдээлжээ.
Энэ хоёр багийн тоглолт орон нутгийн цагаар 12:10 цагт эхлэх ёстой байсан ч нэг цагаар хойшилсон юм. Ийнхүү хойшлох болсон шалтгаан нь Оросын хоккейчдын коронавирусийн шинжилгээний хариуг аваагүй тул Канадын тамирчид мөсөн дээр гарахаас татгалзсантай холбоотой гэж TSN суваг мэдээлсэн байна.
Энд дуулгахад, Оросын эмэгтэй хоккейн баг үүнээс өмнө АНУ-ын багтай таарч, 0:5 харьцаатайгаар ялагдсан юм. А хэсэгт Орос, АНУ, Финлянд, Швейцараас гадна Канадын шигшээ баг багтаж байгаа бөгөөд канадчууд нэгдүгээр байранд бичигдэж байгаа аж. Канадын эмэгтэй хоккейчид хоёр удаа тоглоход 23 шайб оруулж, хоёр удаа л шайб алджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ