Ideree&Uka: Эх орныг минь муулбал өмөөрч, илүү магтмаар санагддаг

img

 

Шинийн нэгний өдөр БНСУ-д ажиллаж амьдардаг Монгол гэр бүл Монгол үндэсний хувцасаараа гоёж, нийтийн унаанд зорчиж буй зургаа цахим хуудаснаа байршуулж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн нь олон хүнд хүрсэн. Үндэсний өв уламжлалаа харь нутагт сурталчилж яваа залуу гэр бүлтэй цахимаар холбогдож ярилцлаа. Тэднийг Н.Идэрмөнх, Б.Уран-Эрдэнэ гэх бөгөөд Korean Life Ideree&Uka цахим хаягаараа дамжуулан эерэг бичлэг, влог хүргэдэг.

 

Сайхан шинэлсэн үү? Уншигчдад маань  өөрсдийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

 

Н.Идэрмөнх: Сайхан, сайхан шинэлсэн үү. Намайг Ням-Очирын Идэрмөнх гэдэг. Баянхонгор аймгийн Баян-Уул суманд төрж өссөн.  Морь унаж, хонь хурга хариулж нүүдэлчин ахуйгаар өсч хүмүүжсэн. БНСУ-д ирж, ажиллаж амьдраад болжээ.

 

Б.Уран-Эрдэнэ: Сайн байцгаан уу? Намайг Бадрахын Уран-Эрдэнэ гэдэг. Дундговь аймгийн уугуул иргэн. Мөн ижил БНСУ-д ирээд  12 жилийн хугацаа өнгөрсөн байна.

 

Танай гэр бүлийн Монгол Үндэсний хувцастайгаа БНСУ-ын нийтийн унаанд зорчиж буй зураг олон хүнд хүрч, олон хүн сайшаалтай хандаж байна. Монгол Үндэсний хувцсаа өмсөж гадуур явах нь хэнийх нь санаа байсан бэ?

 

Н.Идэрмөнх: Хэдхэн хоногийн өмнө эхнэр маань Солонгос үндэсний хувцас Ханбуг өмссөн зургаа цахим хуудаснаа байршуулсан. Дараа нь Монгол үндэсний хувцастайгаа гадуур явбал гоё харагдах юм байна гэж бодсон. Ингээд сар шинийн баяраараа үндэсний хувцастайгаа гадуур явсан. Монгол үндэсний дээл хувцсыг  Монгол хүн л өмсөхөөр гоё харагддаг. Монгол хүн учраас гадны улс оронд амьдрахаар эх орноо маш их боддог. Эх орныг  маань муулбал уур хүрч, өмөөрмөөр, магтмаар санагддаг юм билээ.

 

Б.Уран-Эрдэнэ: Монгол хувцсаа өдөр тутамдаа өмсдөг. Гэхдээ иж бүрэн Монгол үндэсний хувцасаа өмсөж явсан учраас хүмүүс маш сонирхож харж байсан.  Монгол үндэсний хувцастай зургаа даруулаад цахим хуудастаа оруулчхаад орой гэртээ ирээд хартал олон хүмүүс зургийг маань шэйрлэсэн байсан. Монгол Улсаа таниулахыг хүсдэг бидний сэтгэл одоо л хүмүүст хүрч байна гэж бодогдсон. Монгол соёл уламжлалаа бага багаар таниулж байгааг маань хүмүүс мэдэрсэн нь маш сайхан байна.

 

 

Сүүлийн жилүүдэд БНСУ-ыг олон Монгол иргэн зорьж байна. БНСУ-д ажиллаж амьдрах боломж бололцоо хэр байдаг вэ?

 

Б.Уран-Эрдэнэ: Энэ асуулт бидэнд маш их ирдэг. Бид  гадаадад амьдрах нь дан ганц  давуу талтай гэж ойлгуулахыг хүсдэггүй. БНСУ-д тайван, ажиллаж амьдрах боломж бололцоо их байдаг болохоор маш их давуу талтай. Гэхдээ хүний нутагт хэцүү үе зөндөө бий. Залуу хүмүүсийн хувд харь оронд удаан хугацаагаар амьдрах нь нэг талаараа сул талтай санагддаг. Яагаад гэвэл Монголд байгаа бидний үеийн залуус хэдийнэ ажлын байр, карьераа бий болгоод явж байна.  Энэ нь залуучуудын хувьд маш том давуу тал. Залуус маань эх орондоо байгаа учраас давуу талаа төдийлөн олж хардаггүй юм шиг санагддаг. Харин цахим орчинд нийтлэгдэж байгаа бусдын амьдралыг илүү сайхан гэж боддог. Энэ нь хэтэрхий өрөөсгөл ойлголт. Тиймээс бид эх орондоо болон гадаадад амьдрахын давуу тал болон сул талыг залуустаа ойлгуулахыг хүсдэг.

 

Нуу биш бол танилцаж байсан түүхээ уншигчдад маань хуваалцаач?

 

Б.Уран-Эрдэнэ: Бид анх 2012 онд найзынхаа төрсөн өдрийн үдэшлэг дээр танилцаж  байлаа. Тухайн үед нөхөртөө анхны харцаар дурласан./инээв/ Анх инээхийг нь хараад л “ ямар гоё залуу вэ” гэж бодсон. Гэхдээ эмэгтэй хүн болохоор сэтгэлээ илэрхийлэлгүй сайн найзын үүргийг гүйцэтгэж  хэсэг хугацаанд явсан./инээв/

 

Н.Идэрмөнх: Бид нэгэндээ сэтгэлээ илчилж, үерхсэн түүхээ хүмүүст ярихаар “кино шиг” гээд итгэдэггүй. Манай эхнэр тухайн үед  эмэгтэй найз маань байсан. Би дуу хөгжимд дуртай болохоор олон тэмцээн уралдаанд оролцдог. Нэг удаа тэмцээнд орохоор боллоо. Тэгсэн найз маань  “гоо сайхны газарт очоод нүүрэндээ маск тавиулчих” гэлээ. Ингээд зааж өгсөн гоо сайхны салонд нь очоод маск тавиулж байтал коридорт өсгийтэй гутал өмссөн эмэгтэй хүний хөлийн чимээ сонсогддог юм байна.  Тэр чимээг сонссон чинь зүрх “түг,түг” гээд л хүчтэй цохилоод, хаалгаар ороод ирэхэд нь  бүр ч хүчтэй цохилсон. “Хэн бэ, Ука юу? гэж асуутал  Тийм байна, Яасан” гэхээр нь зүрх дэлбэрэх гэж байгаа юм чинь./инээв/ Маш сонин мэдрэмж төрсөн. Өөрийнхөө хажууд дуудаж байгаад л гарыг нь атгатал “хайртай” болсон гэдгээ мэдэрсэн. Ингээд  гоо сайхны газраасаа гарч ирээд “Өнөөдөр бид хоёрын үерхсэн эхний өдөр шүү” гэж хэлээд тэвэрсэн. Ингэж л бидний учрал эхэлсэн./инээв/

 

Бид танай гэр бүлийн хөтлөн явуулдаг цахим хаяг болон юүтүб хуудсаар зочилж, та хоёртой танилцсан. Гэрийн эзний хувьд  дуу хөгжимд хайртай нь илт мэдрэгдсэн бол гэргийн хувьд гэрийн нөхцөлд маш сайхан амттай хоол хийх зөвлөгөө өгдөг юм билээ. Энэ талаараа хуваалцвал?

 

Н.Идэрмөнх: Одоогоос хоёр жилийн өмнө влог хийж, юүтүбт байршуулж эхэлсэн. Гэхдээ 10 гаруй бичлэг хийгээд шантарсан./инээв/ Видео бичлэг хийхэд маш их цаг зарцуулагддаг. Ажлынхаа хажуугаар байнга бичлэг хийх боломжгүй. Тиймээс хэсэг хугацаанд влог хийгээгүй. Ингээд сар гаруйгийн өмнөөс бичлэгээ дахин хийж эхэлсэн.  Сүүлд оруулсан бичлэгүүд маань хүмүүст хүрч байх шиг  байна.

 

 Миний багийн мөрөөдөл дуучин болох байсан.  Анх 2010 онд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ирж байсан юм. Тухайн үед Солонгос улсад олон Монгол хүн ажиллаж, амьдардаггүй байлаа. Солонгос  улсад ирэхдээ ч мөрөөдлөө биелүүлэх зорилготой ирсэн. Ингээд дуучин С.Гантогоотой  2011 онд танилцсан. С.Гантогоо найз маань надад дууны уралдааны  зар дуулгаж, тухайн тэмцээнд нь ороод түрүүлж байлаа. Дараа нь орон даяарх дууны тэмцээнд оролцож гуравдугаар байранд шалгарч байсан. Мөн БНСУ-д ажиллаж, амьдардаг гадаад иргэдийн дунд зохион байгуулагддаг тэмцээнд оролцож, финалд шалгарч байлаа.  Түүнээс хойш  олон  тэмцээн уралдаанд оролцож, ялж, ялагдаж үзсэн. Дуучин болох мөрөөдлөө тээж явсаар БНСУ-ын Сэжүн их сургуулийн бизнесийн удирдлага болон дуулаач мэргэжлээр давхар сурч, төгссөн. Ингээд Одод ширтэхийн хүслэн, Долоон жил гэсэн хоёр бие даасан уран бүтээл гаргасан.

 

Мөн хамтлагтай байсан. Америк, Япон, Монгол улсын төлөөлөл болсон гурван залуу нэгдэж хамтлаг байгуулсан юм. Олон улсын арга хэмжээнд оролцдог байсан. 2019 онд Алсад суугаа ээж дууг дуулахад менежер маань бичлэг хийсэн байсан. Ингээд  найз маань бичлэгийг цахим орчинд байрлуулж, олон хүнд хүрсэн.

 

Б.Уран-Эрдэнэ: Хоол хийх нь миний нэг  хобби.  Нөхөртөө гоё хоол хийж өгөх дуртай. Хоол хийх талаар мэргэжлийн сургалт дамжаанд суралцаж байгаагүй. Гэрийн нөхцөлд хамгийн амархан аргаар хоол хийх боломжуудыг эзэгтэй нартаа хуваалцах зорилгоор бичлэг хийдэг.

 

Миний хувьд багаасаа тоонд дуртай хүүхэд байсан. Эдийн засгийн мэргэжлээр суралцаж байгаад БНСУ-д ирсэн. Харин одоо аялал жуулчлал, үйл ажиллагааны менежмент чиглэлээр суралцдаг. Нөхөртэйгээ танилцсанаас хойш хамтдаа үйл ажиллагаа зохион байгуулж, урлагийн зам руу хөтлөлцөөд орсон. БНСУ-д амьдардаг иргэдийн дунд  “Эх хэлээрээ дуулъя” Монгол дууны уралдааныг дөрвөн жилийн хугацаанд зохион байгуулж байна. Тус маань хоёр үе шаттай явагддаг. Хоёрдугаар шатны шалгаруулалтаа тоглолт хэлбэрээр зохион байгуулдаг. Тоглолтоос олсон орлогоо БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа Монгол хүүхдүүдэд хандивладаг. Манай гэр бүл Монголынхоо өв соёлыг Солонгост таниулахыг зорьдог. Энэ завшааныг ашиглаад биднийг дэмжиж үйл ажиллагаанд оролцдог Монголчууддаа баярлалаа гэж хэлье.

 

Уншигчдад маань сонирхолтой байгаа байх. Танд энтертайнментуудаас санал ирж байсан уу?

 

Н.Идэрмөнх: Энтертайнментуудаас ирж уулзсан. БНСУ-д ямар нэг  Энтертайнментэд харьяалагдана гэдэг эрсдэлтэй. Тиймээс их сургуульд суралцаж байхад энтертайнментээ зөв сонгохыг сануулдаг. Энтертайнментэд харьяалагдвал бүх цагаа зарцуулах хэрэгтэй болно. Мөн бүхий л мөнгө олж болох зүйлд оролцоно. Шинэ артистууд ашиг орлогоосоо бага цалинжих зэрэг олон эрсдэлтэй зүйл бий. Тиймээс интертайнментэд харьяалагдах гэж яараагүй. Мэдээж БНСУ-ын томоохон энтертайнментуудад орох боломж гарсан бол орох байсан байх. Мөн коронавирус халдварын улмаас арга хэмжээнүүд цуцлагдаж байгаа болохоор боломж бололцоо бага байна.

 

 

Ойрын хугацаанд эх орондоо ирэх төлөвлөгөө бий юу? Цаашдын зорилгоосоо хуваалцвал?

 

Н.Идэрмөнх: Эх орондоо ирэн очин байна. Уран бүтээлүүдээ хийнэ. Влог, бичлэгүүдээ хийнэ. Телевизийн контент хийх хэтийн төлөвлөгөө бий. Цаашид олон уран бүтээл гаргана. Та бүхэн биднийг дэмжээрэй гэж хэлье. Мөн эрүүл саруул байгаарай.

 

Б.Уран-Эрдэнэ: Миний хувьд сургуулиа төгсөөгүй байгаа.  Сургуулиа төгстлөө эндээ байна. Бид залуу гэр бүлүүддээ чиглэж влог, бичлэгээ хийдэг. Тиймээс залуучуудыгаа эв найртай, аз жаргалтай байгаасай гэж хүсдэг.

 

Баярлалаа. Амжилт хүсье.

 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Ардчилал гэж донгосдог монголчууд нь америк ах нараасаа бензинээ ба дизелээ авцгаа эсвэл явган алхцгаа.
2022-02-09
mongol uhna uhernuud duu duulah boh barildahaas oor chaddag yum bna uu
2022-02-08
ard:
niislelees huduu amidrahad ni zaluusiig mash ih demjij mal ger mungu uguh heregtei.uursduu l bayajaad ulsiinhaa bayalgiig huvaaj ideed huulz bolood bx yum hereg algaa
2022-02-08
zochin:
ene 2 shig zunduu mundag chadaltai zaluus gadaadad hiij byteeh shn zaluu nasaa unguryylj ingej eh ornoo sanaj yavaa ni daanch haramsaltai.turuus edniig eh orond ni iryyleh tal deer ajillaj bolomjoor hangah end zovj avch baigaa tsaling ni ugvul bygd irne dee
2022-02-08