Камилагийн багын мөрөөдөл биелж, ОХУ-ын шигшээ 8 жилийн дараа дахин ноёрхов

img

Бээжин-2022 өвлийн олимпын наадмын тэмцээнүүд үргэлжилсээр байна. Хоёрдугаар сарын долооны өдрийн хамгийн анхаарал татсан, шуугиан тарьсан тэмцээн нь уран гулгалтын спортынх байлаа. Энэ өдөр Оросын шигшээ баг нэгдүгээр байр эзэлсэн бөгөөд энэ ялалтыг 15-хан настай охин Камила Валиева эх орондоо авчирсан юм.

 

Өвлийн олимпын гол од болсон Камила Валиева ээлжит хосгүй үзүүлбэрээ толилуулж,  Оросын шигшээ багийн ялалт албан ёсоор баталгаажсан. Ингэснээр Оросын шигшээ баг 2014 оны Сочигийн олимпоос хойш 8 жилийн дараа уран гулгагчдын багийн тэмцээнд дахин аварга болж, мөсөн талбай дээр ноёрхлоо. 

 

" Энэ бол миний багын мөрөөдөл байсан. Гурван настайгаасаа эхлээд л олимпын аварга болно гэж ээждээ хэлдэг байлаа.  Ингээд миний мөрөөдөл биеллээ. Өөр нэг мөрөөдлөө биелүүлэхийн тулд би улам хичээнэ" хэмээн Валиева "Матч ТВ" сувагт ярьсан байна.

 

Найман жилийн тэртээ оросууд Сочигийн олимп дээр багийн төрлөөр ялалт байгуулж байхад Валиева хэний ч таньдаггүй сурагч охин байв. Харин өнөөдөр 15 настай энэ сурагч охиныг дэлхий дахин мэддэг болов. Камила Бээжин-2022 олимпод ялалт байгуулсныхаа дараа сэтгэгдлээ ийнхүү хуваалцжээ.

 

"Миний анхны үзсэн олимп бол Сочигийн олимп байсан. Тухайн үед Юлия Липницкаягийн чөлөөт үзүүлбэр ихэд таалагдаж, сэтгэлд үлдэж байлаа. Дараа нь Солонгосын олимп байна, тэр үед би Женя (shuud.mn: Олимпын хошой мөнгөн медальт Евгения Медведева), Алина (shuud.mn: Олимпын аварга Алина Загитова) нарыг дэмжиж байсан" хэмээн Камила Валиева Оросын Олимпын хорооны хэвлэлийн албаныханд ярьсан байна.

Бээжингийн олимпын үеэр түүнийг хүмүүс анхаарч байгаад ихээхэн гайхсан гэдгээ ч тэр нуусангүй. Тэр мөн насанд хүрэгчдийн төвшинд анхны жилээ гулгаж байгаа юм. 

 

"Насанд хүрэгчдийн төвшинд дөнгөж анхны улиралдаа гулгаж байхад миний талаар ийм их ярьж байгааг сонсохоор тийм сонин мэдрэмж төрөөд байх юм. Надад таатай байгаа ч нөгөөтэйгүүр даван туулах ёстой тодорхой хэмжээний дарамт үүсгэж байна. Одоогоор болоод л байна" хэмээн Камила өгүүлжээ. 

 

Энд дуулгахад, 2014 онд Оросын шигшээ баг Олимпын түүхэнд анх удаа болсон уран гулгагчдын багийн тэмцээнд шилдэг гэдгээ гайхуулж, тэргүүлж байсан бол 2018 онд хоёрдугаар байранд орж байлаа. Энэ удаад Бээжингийн мөсөн дээр ч найман жилийн тэртээх амжилтаа бататган харуулсан юм. Өнөөдөр буюу хоёрдугаар сарын наймны өглөөнөөс эхлэн ганцаарчилсан төрлүүд явагдах бөгөөд багийн тэмцээнд чадвараа гайхуулсан Марк Кондратюк шат ахиулан үзүүлбэрээ толилуулахаар төлөвлөж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ