Назарбаев цаашид Аюулгүйн зөвлөлийг тэргүүлэх эрхгүй болов

img

Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хашиж байсан насан туршийн албан тушаалаас нь салгах хуулийн төслийг Казахстаны парламент хэлэлцэн баталсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ хуулинд өнөөгийн Ерөнхийлөгч Касым -Жомарт Токаев гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, Назарбаев цаашид Аюулгүй байдлын зөвлөл болон Ардын ассамблейн даргын албан тушаалыг хаших эрхгүй болжээ. 

 

"Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуульд төрийн тэргүүн гарын үсэг зурлаа" хэмээн Ерөнхийлөгчийн захиргааны сайт дээр нийтлэгдсэн мэдээлэлд өгүүлсэн байна.

 

Энэхүү нэмэлт өөрчлөлтийг Казахстаны парламентын дээд танхим нэгдүгээр сарын сүүлээр дэмжсэн юм. Назарбаев 2019 оны гуравдугаар сард төрийн тэргүүний суудлаас буусан ч Казахстаны Ардын ассамблей, Аюулгүй байдлын зөвлөл, "Нур Отан" намын удирдлагын албан тушаалыг өөртөө хадгалан үлдэж байв.

 

Гэсэн ч 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Ардын ассамблейн даргын албан тушаалаа орхиж, бүрэн эрхээ өнөөгийн ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт шилжүүлж байгаагаа зарласан. Харин энэ оны эхээр Казахстанд гарсан эмх замбараагүй байдлын үеэр Назарбаев өнөөгийн ерөнхийлөгчид Аюулгүй байдлын зөвлөлийн даргын бүрэн эрхийг шилжүүлэн өгсөн юм.

 

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ