Яармагийн иргэд барилга байшин биш цэцэрлэгт хүрээлэн хүсэж байна

Яармагийн иргэд нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн гадаа цуглажээ. Тэд улсын заан Ч.Батзориг, Кёкүшюзан Д.Батбаяр нар хууль бусаар газар эзэмшиж, барилга барих гэж буйг эсэргүүцэж байна.
Яармагийн иргэд зургаадугаар хорооны зам дагуух 2.7 га газарт цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор олон жил хөөцөлджээ. Гэвч тухайн газар Эс Си Эм компани барилга барихаар хашаалжээ. Иргэдийн гомдол саналын дагуу нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаа мэдэгдсэн байна. Гэтэл Эс Си Эм компани газрын зөвшөөрлөө сэргээлгэхээр шүүхэд хандсаныг иргэд эсэргүүцэж цугласан нь энэ аж.
Улсын заан Ч.Батзориг, Кёкүшюзан Д.Батбаяр нар барилгын зөвшөөрөлгүйгээр газар ухаж, барилгын ажлаа эхэлсэн байна. Үүнийг эсэргүүцсэн иргэд рүү ярьж, мөнгө амлахаас эхлээд айлган сүрдүүлсэн байна. Бүр цагдаад өгч, зөрчлийн хэргээр шалгуулсан тохиолдол ч байгаа аж.
Иргэд “Яармагийн газар бүхэлдээ барилгын компаниудын эзэмшил болж, хүүхэд тоглож, хөгшид салхилах газаргүй боллоо. Ганц үлдсэн газар дээрээ цэцэрлэгт хүрээлэн байгуулахын төлөө тэмцэнэ” гэдгээ хэлж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ