Оттава дахь эсэргүүцэл хяналтаас гарчээ

img

Канадын нийслэл Оттава хотод нэгдүгээр сарын сүүлээр эхэлсэн эсэргүүцлийн жагсаалтай холбоотой нөхцөл байдал хяналтаас гарсан тул хотод онц байдал тогтоохоор болсон талаарх мэдээлэл өчигдөр гарсан. 

Канадын нийслэлд эсэргүүцлийн жагсаалтай холбоотойгоор онц байдал тогтоов

 

Хотын дарга Жим Уотсоны өгүүлснээр хотын нөхцөл байдал "хяналтаас бүрэн гарсан" гэнэ. Ихэнх нь тээвэрчдээс бүрдэх эсэргүүцлийн арга хэмжээний оролцогчид машинаараа хотын төвийг бүрэн хаажээ. Түүнчлэн тэд майхант хуаран байгуулсан гэнэ. Эсэргүүцэгчид цагдаагийнхнаас их байгаа тул цагдаагийнхан хяналт тавьж хүчрэхгүй байгаа аж. Хэдийгээр хүч хэрэглэсэн зэрэг ноцтой үйл явдал гараагүй ч эсэргүүцэгчид нийгмийн дэг журмыг зөрчиж байгаа гэж хотын дарга мэдэгджээ.

 

Оттава дахь эсэргүүцлийн арга хэмжээ нэгдүгээр сарын сүүлээр эхэлсэн. АНУ, Канадын хил нэвтэрдэг тээврийн жолоочид албан журмаар вакцинд хамрагдахыг эсэргүүцэн ийнхүү эсэргүүцэл эхлүүлсэн юм. Тээвэрчид хилийн боомтуудын ойролцоо зам хаасны дээр нийслэлд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан нь энэ. Тэдэнтэй бусад идэвхтнүүд ч нэгдсэн бөгөөд тэд коронавирусийн халдвараас сэргийлэхтэй холбоотой төрөл бүрийн хязгаарлалтуудыг эсэргүүцэн, Жастин Трюдог огцрохыг шаардаж байгаа юм. 

 

Оттава хотод онц байдал тогтоосонтой холбоотойгоор цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх юм байна. Түүнчлэн эсэргүүцлийн жагсаалын оролцогчдод тусламж үзүүлж байгаа, тэр дундаа тэднийг шатахуун, хүнсээр хангаж байгаа хүмүүсийг баривчлан саатуулж болзошгүй хэмээн хотын захиргаа анхааруулжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ