Бээжин-2022: АНУ-ын уран гулгагч Нэтан Чен дэлхийн дээд амжилт тогтоолоо

img

Америкийн тамирчин Нэтан Чен Бээжингийн олимпод ганцаарчилсан богино хөтөлбөрт нэгдүгээр байр эзэлжээ. 

 

Тэрбээр дөрвөл флип, гурвалсан аксель, гурвалсан тулуп хийж гүйцэтгэснээр шүүгчдээс 113,97 оноо авсан бөгөөд энэ нь дэлхийн дээд амжилтад тооцогдож байгаа юм. 

 

Харин хоёрдугаар байранд 108,12 оноотойгоор Японы уран гулгагч Юма Кагияма, гуравдугаар байранд мөн л Японы тамирчин Шоме Уно 105,9 оноотойгоор орсон байна. 

 

Нэтан Чен 1999 онд Солт-Лейк-Ситид төрсөн, ганцаарчилсан үзүүлбэрийн уран гулгагч юм. Тэрбээр энэ олимпоор багийнхныхаа хамт мөнгөн медаль хүртсэн. Өмнө нь 2018 оны олимпоор мөн л багаараа хүрэл медаль хүртэж байжээ. 

 

Нэтан Чен 2018, 2019, 2021 онуудын дэлхийн аварга, 2017 оны дөрвөн тивийн аварга, Гран-пригийн шувтаргын гурван удаагийн ялагч, АНУ-ын зургаан удаагийн аварга тамирчин юм байна. Дөрвөлсөн үзүүлбэрийнхээ ачаар "Дөрвөлийн хаан" гэж нэрлэгдэх болсон Нэтан Чен 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар олон улсын чансаанд дөрөвдүгээрт бичигдэж байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ