Нэтан Чен: Би үүнийг сурах гэж олон удаа хүнд гэмтэж, 100 мянган удаа унасан

img

Хоёрдугаар сарын наймны өдөр уран гулгалтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн болж өндөрлөсөн. Энэ тэмцээнээр Оросын уран гулгагчдыг өнгөлнө гэсэн таамаг байсан ч тэд медаль хүртэж чадаагүй юм. Харин Япон, Америкийн уран гулгагчид хосгүй үзүүлбэр толилуулсан. Тэр дундаа Америкийн шигшээ багийн тамирчин Нэтан Чен дөрвөл флип, гурвалсан аксель, гурвалсан тулуп хийж гүйцэтгэснээр шүүгчдээс 113,97 оноо авсан юм. Ингэснээр тэрбээр дэлхийн дээд амжилт тогтоон, ганцаарчилсан богино хөтөлбөрт нэгдүгээр байр эзэлсэн. Хэдий дэлхийн дээд амжилт тогтоож, алтан медаль хүртсэн ч тэрбээр өөрийгөө илүү сайжрах ёстой гэж үзэж байгаагаа ярилцлагадаа илэрхийлжээ. 

 

Тэрбээр хэвлэлийнхний өмнө мэдэгдэл хийхдээ "Та нар дөрвөлсөн үзүүлбэрт л гол учир нь байгаа гэж бодож байна уу? Би 5745 өдөр гулгаж байна. Энэ нь мөсөн дээр 27 мянга гаруй цагийг өнгөрүүлсэн гэсэн үг. Би 300 мянган үсрэлт хийснээс 100 мянгад нь унаж байлаа. Та нар бүх зүйл дөрвөлсөн үзүүлбэрт л байгаа гэж бодож байна уу?" хэмээжээ. 

 

Түүнчлэн асар их хүч хөдөлмөрийн араас энэ амжилт нь ирснийг ойлгуулахыг хүссэн байна.

 

"Найман удаа ноцтой гэмтсэн, эцэс төгсгөлгүй өвдөлт, гэмтэл. Найман жил балетаар хичээллэсэн. Та нар бүх утга учир нь дөрвөлсөн үзүүлбэрт л гэж бодож байна уу? Өглөө маш эрт босно, бага унтана. Спорт танхимд өнгөрүүлсэн өдрүүдийг ч мартаж болохгүй. Дөрвөлсөн үзүүлбэр бол яах вэ дээ, хагас секундын л юм. Спортын төрлөө өөрчлөхөд бүх амьдралаа зарцуулах шаардлагатай болдог" хэмээн Нэтан Чан мэдэгджээ.

 

 

- Та энэ богино хөтөлбөрт хамгийн шилдэг үзүүлбэртээ хэр ойрхон байсан бэ?

 

- Маш ойрхон байсан гэж хэлэх байна. Мэдээж сайжруулах ёстой зүйл үргэлж байдаг, мөн арай илүү сайн хийж болох байсан зүйлс ч гэж бий. Гэхдээ ерөнхийдөө би сэтгэл хангалуун байна.

 

- Таны өмнө үзүүлбэрээ толилуулсан, Олимпын хошой аварга Ханю Юзуругийн алдаа таны сэтгэл санаа болон үзүүлбэрт хэрхэн нөлөөлсөн бэ?

 

- Би энэ талаар сонсонгуутаа өөрийнхөө төлөвлөгөөг барин ажиллах ёстой л гэж бодсон. Юу ч өөрчлөгдөөгүй, юу хийж чадах вэ гэдэг дээрээ төвлөрч, өөрийн чадах бүхнийг хийхийн тулд хичээх л шаардлагатай байсан юм.

 

Оноо, өрсөлдөгчид зэрэг нь миний эрхшээлээр болох зүйлс биш. Тамирчдын хэн нэгэн нь алдаа гаргана даа гэж хүлээх боломжгүй. Тэмцээн бол ганцхан хөтөлбөр биш. Богино хөтөлбөрт юу ч боллоо гэсэн чөлөөт үзүүлбэрт байдал хэрхэн эргэхийг тодорхойлохгүй.

 

- Танай шигшээ багийн тамирчин Винсент Жоуг коронавирусийн шинжилгээний хариу нь эерэг гарсны дараа тэмцээнээс хасах тухай шийдвэр гарсан. Та энэ мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?

 

- Энэ нь хүмүүсийг сэтгэлзүйн хувьд тэнцвэргүй байдалд оруулчихаж байгаа юм. Би түүний өмнөөс маш их харамссан. Тэр уйгагүй хөдөлмөрлөж байж энд ирэх гавьяа байгуулсан хүн. Бид хар багаасаа л хамтдаа олон цагийг бэлтгэл хийж, хөдөлмөрлөж хичээж өнгөрүүлсэн. Тиймээс богино хөтөлбөрийн өмнө ийм зүйл тохиолдохыг харах үнэхээр хүнд байлаа.  Ийм мөч ирэх хүртэл тэр бүгдийг амжилттай даван туулж, өөдрөг байсан.

 

SHUUD.mn: Нэтан Чен 1999 онд Солт-Лейк-Ситид төрсөн, ганцаарчилсан үзүүлбэрийн уран гулгагч юм. Тэрбээр энэ олимпоор багийнхныхаа хамт мөнгөн медаль хүртсэн. Өмнө нь 2018 оны олимпоор мөн л багаараа хүрэл медаль хүртэж байжээ.  Нэтан Чен 2018, 2019, 2021 онуудын дэлхийн аварга, 2017 оны дөрвөн тивийн аварга, Гран-пригийн шувтаргын гурван удаагийн ялагч, АНУ-ын зургаан удаагийн аварга тамирчин юм байна. Дөрвөлсөн үзүүлбэрийнхээ ачаар "Дөрвөлийн хаан" гэж нэрлэгдэх болсон Нэтан Чен 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар олон улсын чансаанд дөрөвдүгээрт бичигдэж байна. 
 

Г.Бямбасүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гайхалтай байсан:
Мундаг залуу юм. Улам их амжилт хүсэн ерөөе.
2022-02-09