ОХУ Украины хилийн ойролцоо цэргийн сургуулилалтаа эхлүүллээ

Оросын арми Өмнөд цэргийн тойрог болон Беларусьт томоохон цэргийн сургуулилалт явуулж, Газрын дундад тэнгис болон Хар тэнгист сургуулилалт хийхээр зэхэж байна. Энэ нь ОХУ-г дайнд бэлтгэж байна хэмээн хардаж байгаа Украин болон Барууны орнуудтай харилцах Оросын харилцаанд хямрал нүүрлэсэн үед тохиож байгаагаараа ихээхэн анхаарал татаж байгаа юм.
Оросын өмнөд хэсэгт тус улсын найман бүс нутагт болон Абхази, Өмнөд Осетийн нутаг дэвсгэрүүдэд гээд нийт 15 цэргийн полигонд сургуулилалт болж байгаа юм. Цаашлаад Волгорад муж, Ставропольскийн хязгаар, Адыгей, Чечень, Дагестан, Карачаево-Черкесс, Хойд Осет, Ингушетэд Оросын цэргүүд сургуулилалт хийх юм байна. Түүнчлэн Крымд тэнгисийн явган цэргийн сургуулилалт болно гэж РИА Новости мэдээлжээ.
Энэ нь сүүлийн үед Өмнөд цэргийн тойрогт хийж буй анхны цэргийн сургуулилалт биш юм. Үүнээс хэдэн долоо хоногийн өмнө энд мөн л сургуулилалт болж, 6000 орчим цэрэг, цэргийн нисэх хүчин оролцож байв.
Харин энэ зуур Беларусьт "Холбоотны шийдэмгий байдал-2022" өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт үргэлжилж байна. Одоогоор цэргийн хүчийг байршуулах шатандаа явж байгаа бөгөөд маргааш буюу хоёрдугаар сарын 10-ны өдрөөс идэвхтэй үйл ажиллагаанд орох аж.
Үүнээс гадна, нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Оросын Тэнгисийн цэргийн флотын бүх дөрвөн флот, Каспийн флотилд цуврал томоохон сургуулилалтууд болсоор байгаа юм. Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр эдгээр сургуулилалтад 140 хөлөг онгоц, 10 мянга гаруй цэргийн алба хаагч оролцож байгаа гэнэ.
Эх сурвалжуудын мэдээлснээр ойрын өдрүүдэд Газрын дундад тэнгис болон Хар тэнгист сүүлийн үеийн хамгийн том сургуулилалтууд эхлэх аж. Хар тэнгист гэхэд л Хойд олон Балтийн флотын зургаан том десантын хөлөг онгоцыг гаргах юм байна. Харин Газрын дундад тэнгист "Варяг" болон "Маршал Устинов" гэсэн хоёр хүнд пуужингийн крейсер байрлаж байгаа аж. Энэ хоёр хөлөг онгоц тус бүрдээ "Вулкан" хэмээх хөлөг онгоц эсэргүүцэх пуужингуудаар зэвсэглэжээ.
Беларусь дахь сургуулилалт
Беларусьт болж буй цэргийн сургуулилалтад Орос, Беларусийн талаас хичнээн цэргийн алба хаагч оролцож байгаа талаарх албан мэдээлэл байхгүй. Беларусийн Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга хошууч генерал Виктор Гулевичийн мэдэгдсэнээр сургуулилалтад оролцох бие бүрэлдээхүүний тоо "мэдүүлгийн босго"-оос хэтрэхгүй гэнэ.
2011 оны Венийн баримт бичгийн дагуу цэргийн сургуулилалтад оролцож буй бие бүрэлдэхүүний тоо 9000-аас давсан тохиолдолд бусад оролцогч талдаа мэдэгдэх ёстой. Харин 13 мянгаас давах бол гадаадын ажиглагчдыг урих ёстой байдаг аж.
Энэ сургуулилалт Беларусийн таван полигонд болж байгаа. Мөн дөрвөн аэродромыг дайчилжээ. Оросын талаас Дорнодын цэргийн тойргийн цэргийн алба хаагчдыг Беларусь руу илгээсэн. Сургуулилалтад оролцож байгаа техникүүдийн тухайд гэвэл Су-35 сөнөөгч, Су-25СМ онгоц, С-400 зенит пуужингийн комплекс, ойрын радиусын "Панцирь" гэсэн техникүүд багтаж байна. Мөн энэ сургуулилалтад мотобуудлагын бригадыг илгээсэн гэсэн мэдээлэл бий.
Орос, Беларусь улс энэхүү сургуулилалт нь батлан хамгаалах шинж чанартай хэмээн мэдэгдэж байгаа ч барууны орнууд Оросыг Украин руу халдахаар бэлтгэж байна хэмээн хардсаар байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ