Хатан хааны ойд зориулан ёслолын буудлага хийжээ

Лондон болон Эдинбургт цэргийнхэн хатан хаан II Елизаветагийн хаан сэнтийд суусны 70 жилийн ойд зориулан их буугаар бууджээ. Лондон хотод Вестминстерийн хатан хааны цэцэрлэгт байрлуулсан их буунууд 41 удаа буудсан гэж Скай Ньюс дамжуулсан байна.
Энэ ёслолыг хатан хааны морин артеллерийн отряд гүйцэтгэжээ. Тэд Дэлхийн нэгдүгээр дайны үеийн буугаар буудсан байна. Энэ зэвсгийг 1952 онд VI Георг хааны дурсгалд зориулсан гашуудлын буудлага, мөн II Елизаветаг хаан ширээнд суух үед ёслолын буудлагад ашиглаж байсан гэнэ.
Их буугаар буудах ёслолыг хатан хааны гэр бүлийн хамгийн чухал ойн өдрүүдэд зориулан зохион байгуулдаг бөгөөд ойн өдөр ням гаригт таарвал дараагийн өдөр буюу даваа гаригт шилжүүлэн ёслолын буудлага хийдэг байна.
Хатан хаан II Елизавета хоёрдугаар сарын тавны өдөр Сандрингэмд нутгийн оршин суугчдад зориулсан ёслолын хүлээн авалт зохион байгуулжээ. Хатан хааны цагаан алтан ойд зориулсан үндсэн арга хэмжээнүүд зургадугаар сарын 2-5-ны өдрүүдэд болохоор товлогдсон байна. Энэ өдрүүдэд парад, фестиваль, оддын тоглолт болох гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ