Старлинкийн 40 хиймэл дагуул соронзон шуурганы улмаас тойрог замаас гарчээ

2022 оны хоёрдугаар сарын гуравны өдөр хөөргөсөн SpaceX компанийн Старлинк 49 хиймэл дагуулын 40 нь хүчтэй соронзон шуурганы улмаас тойрог замаас гарчээ. Энэ талаар SpaceX компанийн сайт дээр мэдээлсэн байна.
Компанийн мэдээлснээр, эдгээр хиймэл дагуулууд дэлхийн агаар мандал руу хэдийнэ орсон эсвэл ойрын үед орох гэнэ. Гэхдээ дэлхий дээр хиймэл дагуулуудын хэлтэрхий унах аюул байхгүй, учир нь эдгээр хиймэл дагуулууд агаар мандал руу орох үедээ бүрэн задрах байдлаар зохион бүтээсэн гэж компанийн удирдлагууд мэдээлжээ. Түүнчлэн бусад хиймэл дагуулуудтай мөргөлдөх аюул занал , сансрын хог үүсэх магадлал байхгүй хэмээн мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, Старлинк дэлхийг хамарсан өргөн зурвасын интернетийн хөтөлбөрийн хүрээнд 4500 хиймэл дагуул тойрог замд орж, 1100-1300 км өндөрт нисэх юм. Дахин 7500 аппаратыг 346 километрээс өндөргүй тойрог замд оруулах юм байна. Ингэснээр дэлхийн аль ч өнцгөөс өндөр хурдны интернетийн үйлчилгээ авах боломж бүрдэх аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ