Бээжин-2022: Медалийн чансаагаар Герман тэргүүлж, АНУ 10 дугаарт бичигдэж байна

img

Бээжин хотноо өвлийн олимпын тэмцээн, уралдаанууд үргэлжилж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчид хурд, хүч авхаалж самбаагаа сорьсоор байна. Өдөр бүр шинэ алдартан тодорч, өмнөх аваргууд чансаагаа батлан медаль хүртэж, улс орнуудын медалийн чансааны эрэмбэ өөрчлөгдөж байгаа юм. 

 

Хоёрдугаар сарын есний өдрийн байдлаар медалийн чансааны дараалал ихээхэн өөрчлөгдлөө. Норвеги медалийн чансаагаар тэргүүлж байсан бол хоёрдугаар сарын есний тэмцээний дүнгүүдээр Герман улс тэргүүлж эхэллээ. Энэ улсын шигшээ баг таван алт, гурван мөнгөн медаль хүртжээ. Харин дөрвөн алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтай Норвеги хоёрдугаарт, дөрвөн алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай Швед улс гуравдугаарт бичигдэж байна.

 

Дөрөвдүгээрт гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медальтай Нидерландын баг, тавдугаарт гурван алт, хоёр мөнгөн медальтай Хятадын шигшээ, зургадугаарт хоёр алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медальтай Австри, долдугаарт хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальтай Италийн шигшээ баг бичигдэж байна. 

 

Харин хамгийн олон буюу 11 медаль хүртсэн Оросын Олимпын хорооны шигшээ баг медалийн чансаагаараа наймдугаарт бичигдэж байгаа юм. Оросын тамирчид Бээжин-2022 олимпоос хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль одоогоор хүртээд байна. 

 

Оросын араас хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай Словени бичигдсэн бол нэг алт, таван мөнгө, нэг хүрэл медальтайгаар АНУ-ын шигшээ баг 10 дугаар байранд жагсчээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ