Словак, Чех, Унгарт НАТО-ын цэргийн сургуулилалт болно

НАТО-ын орнуудын Steadfast Cobalt 2022 нэртэй цэргийн сургуулилалт Чехд, Trojan Footprint нэртэй сургуулилалт Словак, Унгарт явагдахаар болжээ. Энэ талаар лхагва гаригт Словакийн ТА3 телевиз мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр өмнө нь Польшид зохион байгуулахаар төлөвлөж байсан Steadfast Cobalt 2022 нэртэй цэргийн сургуулилалт Чехд хоёроос гуравдугаар сарын хооронд болох аж. Харин өмнө нь Унгарт болохоор төлөвлөж байсан Trojan Footprint сургуулилалтын цар хүрээг нэмэгдүүлж, Словакт явуулахаар болсон байна.
Энд дуулгахад, ОХУ Беларусьтай хамтран болон дангаараа өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт явуулж байгаа юм. Одоогоор Оросын арми Өмнөд цэргийн тойрог болон Беларусьт томоохон цэргийн сургуулилалт явуулж байгаа бол тун удахгүй Газрын дундад тэнгис болон Хар тэнгист сургуулилалт хийхээр зэхэж байгаа талаарх мэдээлэл гарсан. Энэ нь ОХУ-г дайнд бэлтгэж байна хэмээн хардаж байгаа Украин болон Барууны орнуудтай харилцах Оросын харилцаанд хямрал нүүрлэсэн үед тохиож байгаагаараа ихээхэн анхаарал татаж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ