Б.Ачбадрах: Шинэ амжилт тогтоохын төлөө өөрийгөө 100 хувь дайчилна

“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд гүйлтийн цанын төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй ОУХМ Б.Ачбадрахтай цахимаар холбогдож цөөн хором ярилцлаа. Тэрбээр эрэгтэйчүүдийн 1.5 км-ийн спринт зайд хоёрдугаар сарын 08-ны өдөр хурд сорьсон. Манай тамирчин Б.Ачбадрах 83-т эрэмбэлэгдэн гараанаас гарсан бөгөөд 3:11.60 минутын амжилтаар 77-р байрт бичигдээд байна.
Б.Ачбадрах маргааш буюу хоёрдугаар сарын 11-нд эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорих болно.
Таны хувьд Өвлийн олимпт хоёр дахь удаагаа эх орноо төлөөлөн оролцож байна. Хоёул ярилцлагаа өчигдөр болсон эрэгтэйчүүдийн 1.5 км-ийн спринт уралдаанаас эхлэх үү?
-Өвлийн олимпд анх удаагаа хамгийн ойрын зайд эрх авч оролцлоо. Ерөнхийдөө өчигдрийн уралдааныг дүгнэвэл, сайн амжилт үзүүллээ. Дараа дараагийн уралдаандаа илүү их амжилт үзүүлэхийг төлөө хичээнэ.
Бэлтгэл сургуулилтаа хаана базаасан бэ? Бэлтгэл бүрэн хангагдсан уу?
-Би цанын спортоор 15 жил хичээллэж байна. Өнгөрсөн намраас эхлээд Швейцарь улсад Швейцарь багшийн удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийсэн. Энэ жил бэлтгэлээ сайн хангасан.
Ерөнхийдөө өвлийн спорт манай улсад хоцрогдсон. Төр засгаас дэмжих шаардлагатай байна. Бэлтгэл сургуулилтаа хийх зориулалтын цанын бааз, хэрэгсэл, хангамж муу. Монгол Улс өвлийн улиралтай учраас гүйлтийн цанын спортыг бүх нийтийн спорт болгон хөгжүүлэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, цаг агаарын хувьд тохиромжтой. Тиймээс өвлийн спортыг дэмжиж хөгжүүлж чадвал өвлийн олимпд олон төрлөөр оролцох боломжтой. Хамгийн түрүүнд цанын баазтай болох шаардлагатай.
Та маргааш эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорино. Ямар зорилго тавьж байна вэ? Сандарч байна уу?
-Маргаашийн уралдаандаа сайн амжилт гаргахын төлөө хичээнэ. Өмнөх оны амжилтаа ахиулах, шинэ амжилт тогтоох, эхний 50 байранд багтах зорилготой байгаа. Дэлхийн бүх шилдгүүд оролцож байгаа. Зорилгодоо хүрэхийн төлөө өөрийгөө 100 хувь дайчилна.
Дөрвөн жилийн хөдөлмөрөө нэг өдөр үнэлүүлдэг газар бол Олимп. Гайгүй, сандрахгүй байна. Гол тэмцээндээ анхаарч, өөрийгөө төвлөрүүлээд байж байна.
Бээжинд очсоноос хойш бэлтгэл сургуулилтаа хаана базааж байна вэ?
-БНХАУ-ын мужид цанын бааз дээр өдөр бүр бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.
Маргааш эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорих тамирчдын эрэмбэ, нэрс гарсан уу?
-Маргаашийн тэмцээнд оролцох тамирчдын нэрс өнөөдөр гарна. Харин өнөөдөр эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд 98 тамирчин өрсөлдөнө. Онооны дүнгээр эрэмбэлэгдэж байрнаас гардаг. Монголын тамирчин А.Энхтуул 96 дугаар байранд эрэмбэлэгдэж гараанаас гарахаар байна.
Биднийг дэмжиж байгаа нийт монголчууддаа та бүхэндээ маш их баярлалаа. Өөрийгөө бүрэн дайчилж, сайн амжилт гаргах болно. Дахин баярлалаа гэж хэлье.
Баярлалаа. Амжилт хүсье.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ