Британид VIII зуунд нээгдсэн уушийн газар тахлын улмаас дампуурчээ

Британийн Хартфордширт байх, хамгийн эртний уушийн газар Ye Olde Fighting Cocks 793 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа ч цар тахлын улмаас хаагдахаар болжээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, олон дайн, хямрал, тахал зэргийг даван туулж, олон эзний гар дамжиж, үйлчлүүлэгчид нь ч хэдэн үеэрээ өөрчлөгдөж байсан ч тэсэн үлдэж байсан уушийн газар коронавирусийн цар тахалд бүдэрчээ. Цар тахлын хугацаанд хуримтлагдсан өр зээлийн улмаас хамгийн эртний уушийн газруудын нэг хаагдахаар болсон байна.
Сүүлийн 10 жилд энэ уушийн газрыг Кристо Тофалли гэх эр ажиллуулж байгаа бөгөөд уушийн газрыг хадгалж үлдэхийн тулд боломжит бүхнийг хийсэн гэж сэтгүүлчдэд ярьжээ. Гэвч сүүлийн жилүүд дэлхий даяар нийтийн хоолны салбарынханд хүнд цохилт өгч, "бүхий л хүчээрээ тэсэхийг хичээж байсан ч бууж өгөхөөс аргагүй байдалд оруулсан" гэж Тофалли өгүүлсэн байна.
Ye Olde Fighting Cocks уушийн газрыг хаагдахаар болсон талаарх мэдээллийг олж уншсан сайхан сэтгэлт хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс хандивт нэгдэж, 3000 фунт стерлинг цуглуулсан ч энэ нь уушийн газрыг аврахад хангалтгүй байгаа аж. Энэ газар 10 ажилтантай, мөн нийлүүлэгчдийн өмнө төлөх өр ихээр хуримтлагдсан гэнэ.
Британийн уушийн газруудыг нэгтгэдэг компаниудын нэгтэй Тофалли хэлэлцээ хийж байгаа бөгөөд эртний уушийн газрыг хаалгүй авч үлдэхээр найдаж байгаагаа тэрбээр сэтгүүлчдэд ярьжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ