Нүүрсний компани эзэмшдэг нэг настай монгол хүүхдийн ард хэн байгаа вэ

Люксембург 2019 оны байдлаарх хуулийн этгээд эзэмшигчдийн бүртгэлийг дэлгэсэн нь ихээхэн шуугиан тарихаар мэдээлэл болсон талаар Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийг судлах төвийнхөн мэдээлжээ.
Энэ төв болон түүний хамтрагчид Люксембургийн жагсаалтаас энэ улсад бүртгэлтэй компани эзэмшигчид болон ихээхэн хувийг хяналтдаа байлгадаг этгээдүүдийн дунд насанд хүрээгүй 291 хүн байгааг олж илрүүлсэн байна.
Тэр дундаа “Говьд томоохон нүүрсний компанийн хэсгийг эзэмшдэг нэг ойтой монгол хүү, Туркменистан, Хятадтай хийсэн улсын гэрээнээс ашиг олдог 11 настай азербайжан хүү, Канад болон Калифорний тэтгэврийн системд хөрөнгө оруулсан Оросын өсвөр настай охин энэ жагсаалтад байна” хэмээн Авлига, зохион байгуулалттай гэмт хэргийг судлах төвийн нийтлэлд өгүүлжээ.
Энэ нийтлэлд “Люксембургт хүүхдүүд компани эзэмших нь хууль бус хэдий ч зарим мэдээлэл анхаарал татаж байна. Компани эзэмшдэг хүүхдүүдийн эцэг эх нь олигарх, гэмт хэрэгтэн, улс төрийн нөлөө бүхий этгээдүүдтэй нягт холбоо харилцаатай хүмүүс байгаа юм” хэмээжээ.
Люксембургийн мэдээлэл нь гагцхүү компанийн нэр, регистрийн дугаар эсвэл эзэмшигчийн нэрээр л хайлт хийх боломжтой тул олон нийт, сэтгүүлчид мэдээлэл авахад тун хомс гэдгийг эрэн сурвалжлагчид онцолсон байна.
Одоогоор манай улсын хууль хяналтын байгууллага энэ асуудлыг шалгаж эхлээгүй байна. АТГ-аас “Нэг настай хүүхэд хуулийн этгээдтэй байгаагийн цаана улс төрд нөлөө бүхий этгээд эсвэл албан тушаалтан байна уу гэдэг нь шалгах үндэслэл болно” гэснээс өөр тайлбар өгсөнгүй.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ