Канадын тээвэрчдийн эсэргүүцэл дэлхийн эдийн засагт нөлөөлж эхэллээ

АНУ-ын хилээр нэвтэрдэг тээврийн машины жолооч нар коронавирусийн вакцинд зайлшгүй хамрагдах журмыг тээвэрчид эсэргүүцэн, өнгөрсөн сарын сүүлээс эхлэн Канадад эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн.
Коронавирусийн улмаас АНУ, Канадын хил бараг бүрэн хаагдсан, улмаар тээвэрчдийг хил нэвтрэхэд вакцинтай байхыг шаардсан нь өдөрт хэдэн удаа хил нэвтэрдэг тээвэрчдийн хувьд хэлбэр төдий журам гэж үзэн эсэргүүцэх болсон юм.
Ингээд Канадын тээвэрчид "Амбассадор" гүүрийг хааж, дараа нь Канадын бусад хотуудын төв гудамжуудыг ч хаасан. "Амбассадор" гүүр нь дэлхийн хамгийн алдартай дүүжин гүүр бөгөөд Америкийн Детройт, Канадын Виндзорыг холбодог, 2286 метрийн урттай. Энэ гүүр дэлхийн эдийн засгийн системд чухал тээврийн судалд тооцогддог юм.
"Амбассадор" гүүрээр өдөрт мянга мянган ачааны машин нэвтэрч, АНУ, Канадын хоорондын авто машины ачаа тээврийн 30 хувийг гүйцэтгэдэг аж. Өдөр бүр энэ гүүрээр дамжин өнгөрөх бараа бүтээгдэхүүний үнийн дүн 1,5 тэрбум доллараар хэмжигддэг гэнэ.
Тээвэрчид ийнхүү эсэргүүцэл илэрхийлсэн ч Канадын засгийн газар буулт хийгээгүй, харин "Амбассадор" гүүрний хөдөлгөөн саатсан нь дэлхийн эдийн засагт нөлөөлж эхэлсэн байна. Нийлүүлэлтийн хэлхээ тасалдаж, коронавирусийн цар тахлаас үүдэлтэй хямралд нэрмээс болжээ.
Тухайлбал Форд корпораци Виндзор дахь автомашины хөдөлгүүрийн үйлдвэрээ зогсоохоос аргагүй болсон байна. Учир нь АНУ-аас импортолдог сэлбэг хэрэгслүүд нь дуусчээ. Үүний улмаас дэлхий даяар автомашины сэлбэг хэрэгсэл нийлүүлдэг том жижиг компаниуд хаагдаж байгаа гэнэ. Үүнээс үүдсэн хохирол 800 тэрбум доллар гэх бөгөөд үнийн дүн өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг шинжээчид онцолжээ. Түүнчлэн Канадад хүнсний ногоо, жимсний үнэ 45 хувиар нэмэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ