Уран гулгагч Валиевагийн хэргийг Спортын арбитр хэлэлцжээ

img

Оросын уран гулгагч Камила Валиевагаас өнгөрсөн онд авсан допинг сорьцноос хориотой бодис илэрсний улмаас Валиеваг цаашид олимпын тэмцээнээс хасах эсэхтэй холбоотой асуудал гарч, улмаар энэ хэргийг Спортын арбитрын шүүх шийдэхээр болсон юм. 

 

Коммерсант сонины мэдээлснээр, Спортын арбитрын комиссын сонсгол дууссан бөгөөд Оросын уран гулгагч Камила Валиеваг Бээжингийн олимпын тэмцээнд оролцуулах эсэх талаарх шийдвэрийг гаргасан гэнэ. Эцэслэсэн шийдвэрийг хоёрдугаар сарын 14-ний өглөө зарлах аж. Сонсгол дээр АНУ, Итали, Словенийг төлөөлсөн шүүгчид оролцсон байна. Валиева цахимаар оролцон мэдүүлэг өгчээ.

 

Оросын уран гулгагч Камила Валиевагийн оролцох ганцаарчилсан тэмцээн хоёрдугаар сарын 15-ны өдөр товлогдсон бөгөөд түүнд гарааны дугаар олгосон байна. Энэ тэмцээн эхлэхээс өмнө Спортын арбитрын шүүх асуудлыг шийднэ гэсэн мэдээлэл гарч байсан юм. Улмаар хэргийг хянан хэлэлцсэн, хоёрдугаар сарын 14-ний өглөө шийдвэрийг танилцуулна гэж эх сурвалжууд мэдээлжээ. 

 

Эргэн сануулахад, Оросын уран гулгагчид Бээжингийн өвлийн олимпын багийн төрөлд тэргүүлж, алтан медалийн болзол хангасан ч шагнал гардуулах ёслол хойшлогдсоор байгаа юм. Ийнхүү хойшлогдох болсон нь Камила Валиева "допинг сорьцод бүдэрсэн"-тэй холбоотой гэж хэвлэлүүд мэдээлж байв. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-ны өдөр Санкт-Петербург хотноо болсон Оросын АШТ-ий үеэр Камилагаас авсан допинг сорьцод триметазидин гэх бодис бага хэмжээгээр илэрчээ.

ОУОХ Камила Валиевагийн допинг сорьцтой холбоотой тайлбар өглөө

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ