А.Саруултүвшин: Коронавирусээр өвдсөн хүнд бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл үүсч байна

УНТЭ-ийн бөөр судлалын эмч, ЭМЯ-ны дотрын салбар зөвлөлийн гишүүн, АУ-ны доктор, тэргүүлэх зэрэгтэй эмч А.Саруултүвшинтэй коронавирусийн халдвараас үүссэн бөөрний өвчлөлийн талаар ярилцлаа.
Коронавирусийн халдвар нь бөөрийг гэмтээдэг үү? Хэрхэн гэмтээдэг вэ?
-Коронавирусийн халдвар нь бөөр болон бусад эрхтэн систем хамгийн гол нь амьсгалын зам, уушгийг гэмтээдэг. Тодруулбал, коронавирусийн халдвараар өвчилсөн зарим хүнд бөөрний эмгэг, тэр дундаа бөөрний түүдгэнцрийн үрэвсэл шинээр үүсэх тохиолдол байна. Ингэхдээ бөөрний түүдгэнцрийн тархмал хатуурал үүсэж байна гэсэн олон улсын мэдээлэл бий. Нөгөөтэйгүүр бөөрний түүдгэнцрийн архаг эмгэгтэй хүмүүс бий. Тухайн хүмүүс коронавирусийн халдварт өртөж болно. Энэ үед түүдгэнцрийн эмгэг нь намжмал байдалд байж байгаад сэдрэх боломжтой.
Бөөрний түүдгэнцрийн эмгэг гэж юуг хэлэх вэ?
-Бөөрний түүдгэнцрийн эмгэг нь олон шалтгаанаар бөөр гэмтснэээс үүсдэг дархлааны үрэвсэлт өвчин юм. Коронавирусийн халдварын дараа бусад шалтгаантай бөөрний түүдгэнцрийн эмгэгийн адил шээсээр их хэмжээний уураг гарах, улаан эс илрэх, хавагнах хам шинж илэрдэг. Зарим тохиолдолд бөөрний үйл ажиллагааны алдагдал хамт илэрч болно.Үүний шалтгаан нь бүрэн тодорхойгүй бөгөөд ховор тохиолдоно гэж үзэж байна. Энэ тохиолдолд вирусийн эсрэг эмчилгээ болон бөөрний эмгэгийг эмчлэх шаардлагатай.
Бөөрний түүдгэнцрийн эмгэгийг хэрхэн оношилдог вэ?
-Бөөрний түүдгэнцрийн үрэвслийг оношилдог гол арга нь бөөрний хатгалт болон эдийн шинжилгээ юм. Дээрх шинжилгээг УНТЭ-т 2011 оноос нэвтрүүлсэн.
Бөөрний түүдгэнцэр эмгэгийн үед ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай вэ?
Хэрэв өвчтөн бөөрний эмгэгтэй, бөөрний үйл ажиллагааны алдагдал, дутагдалтай байгаа тохиолдолд вирусийн халдварын эсрэг эмийн эмчилгээн дээр эмийн хордлогын асуудлыг бодолцох хэрэгтэй болно. Тиймээс бөөрөнд хоруу чанар багатай, халдварын эсрэг антибиотик хэрэглэх хэрэгтэй. Зарим тохиолдолд вирусийн эсрэг эмнүүд нь бөөрний үйл ажиллагаа алдагдсан хүмүүст бөөрний үйл ажиллагааг гүнзгийрүүлэх, хүндрүүлэх эрсдэлтэй. Тиймээс эмийн тунг нь бөөрний үйл ажиллагаа хэвийн хүнээс бага тунгаар хэрэглэх нь чухал юм.
Коронавирусийн халдвараар өвчилсөн үед бөөрний цочмог гэмтэл, бөөрний цочмог дутагдал үүсэх үү?
-Коронавирусийн халдварын үед бөөрний цочмог гэмтэл, дутагдал болох нь коронавирусийн халдвараар өвчлөөгүй хүнээс илүү байна гэсэн судалгаа байгаа. Энэ нь тухайн вирусийн хоруу чанар, биологийн идэвхт бодис цитокины ялгарал илүү өндөр байдаг болон вирусийн шууд хордуулах нөлөөтэй ихээхэн холбоотой.
Тиймээс эрсдэлт бүлгийн хүмүүс, бөөрний түүдгэнцрийн эмгэг, архаг эмгэгтэй, бөөрний дутагдалтай хүмүүс онцгой анхаарах шаардлагатай. Коронавирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд эдгэрэх бүрэн боломжтой. Тиймээс эмчийн хяналтад эмчилгээгээ хийлгэвэл эрт үед нь оношлуулах, хүндрэлээс сэргийлэх боломжтой.
Коронавирусийн эсрэг вакцин нь бөөрний өвчлөл үүсгэх боломжтой юу?
-Коронавирусийн эсрэг вакцин хийлгэснээрээ коронавирусийн эсрэг халдвараас сэргийлэх, өвчилсөн тохиолдолд хөнгөнөөр өвдөх, хүндрэлийг багасгадаг. Тиймээс коронавирусийн вакцинаа аль болох хийлгэх хэрэгтэй.
Маш ховор тохиолдолд коронавирусийн эсрэг вакцин тариулсны дараа бөөрний түүдгэнцрийн эмгэг үүсэж байна гэсэн мэдээлэл байна. Гэхдээ манай улсад одоогоор батлагдсан тохиолдол байхгүй байна.
Коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэсний дараа бөөрний үрэвсэл сэдрэх эсвэл шинээр үүссэн гэж таамаглаж байгаа бол бөөрний эмчид хандах хэрэгтэй. Вакцины хоёр болон гуравдугаар тунгийн товлолт хугацааг хойшлуулах, шаардлагатай тохиолдолд вакцин тариулахгүй байх арга хэмжээ авна.
-Та бөөрний диализ эмчилгээний талаар хэдэнтэй дурдлаа. Бөөрний диализ эмчилгээг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
-Диализ эмчилгээ гэдэг нь бөөрний цочмог ба архаг дутагдалд орсон өвчтөнд хийгдэх бөөр орлуулах эмчилгээ юм. Гемодиализ нь цус шүүж цэвэршүүлэх эмчилгээ, хэвлийн диализ нь өвчтөний хэвлийд гуурс байршуулан тусгай уусмал ашиглан шүүлт хийж өвчтөний хордлогыг тайлж бөөр орлох арга.
Коронавирусээс үүдэлтэй бөөрний гэмтэл бүрэн эдгэрэх үү?
-Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл аливаа халдварын дараа үүссэн тохиолдолд тухайн халдвар эмчлэгдсэний дараа эдгэрэх тохиолдол бий. Бөөрний цочмог гэмтэл гэмтэл нь ихэнхи тохиолдолд эдгэрнэ.
Бөөрний өвчлөлийн үед ямар ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Бөөр харьцангуй чимээгүй эрхтэн. Бөөрний үрэвслийн үед бүсэлхий нуруугаар өвдөх, бөөр орчимд чилж, унжиж өвдөх, шээс хөөсөрч, эсвэл улаан өнгөтэй гарах, шээсний гарц багасах, хавагнах, артерийн даралт ихсэх, дотор муухайрах, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шинжилгээ өгөх шаардлагатай.
Ер нь бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?
-Бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд дархлаагаа сайн дэмжих, аливаа халдварт өртөхгүй байх, ажил амралтаа зөв зохицуулах, хувийн ариун цэвэр сахих, шингэн зүйл хангалттай уух, шээсээ барихгүй байх, даарахгүй байх, архаг өвчнийг эмчид хянуулах шаардлагатай.
УНТЭ бөөрний ямар ямар эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна вэ?
-УНТЭ нь Монгол Улсын бөөр судлалын лавлагаа шатлалын төв. Тиймээс бөөрний нэг болон хоёрдугаар шатлал, эмчлэгдэх боломжгүй, оношлогдох боломжгүй эмгэгтэй өвчтөнүүдийг хүлээн авч эмчилдэг. Мөн бөөр орлуулах эмчилгээг хийж байна. Тодруулбал, бөөрний эдийн шинжилгээ, гемодиализ, хэвлийн диализ, бөөр шилжүүлэн суулгах, чихрийн шижингээс үүссэн бөөрний эмгэгтэй хүмүүсийг эмчилнэ.
УНТЭ жилд дунджаар хэдэн хүнд бөөрний өвчлөлтэй холбоотой тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Бөөрний өвчлөлөөр жилд дунджаар амбулаторийн тусламж үйлчилгээ 15.000-18.000 хүнд үзүүлдэг. Үүнээс дунджаар 1000 гаруй хүнийг бөөр судлалын төвд хэвтэн эмчлүүлдэг. Мөн бөөр орлуулах болон эрхтэн шилжүүлэх тусламж үйлчилгээ үзүүлнэ.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ