АНУ, Канадыг холбосон Амбассадор гүүрийг чөлөөллөө

img

Канадын цагдаагийнхан АНУ, Канадыг холбосон Амбассадор гүүрийг эсэргүүцэгчдээс бүрэн чөлөөлсөн талаар ВВС агентлаг мэдээлжээ. Албан журмын дархлаажуулалт, вакцины гэрчилгээг эсэргүүцсэн тээвэрчдээс бүрдэх "Эрх чөлөөний цуваа" хэмээх хөдөлгөөний оролцогчид энэ гүүрийг долоо хоногийн туршид хааж, Канад, Америкийн компаниудад ихээхэн хохирол учруулсны дээр гүүрний хөдөлгөөн хаагдсан нь дэлхийн эдийн засагт ч сөргөөр нөлөөлж байв. 

 

Америкийн Детройт, Канадын Уинсорыг холбодог Амбассадор гүүрэн дээрх шалган нэвтрүүлэх боомтоор АНУ, Канадын худалдааны дөрөвний нэг орчим нь дамжин өнгөрдөг юм.

 

АНУ-тай залгаа хилийг нэвтрэхийн тулд тээврийн жолооч нар вакцинд зайлшгүй хамрагдсан байх ёстой гэсэн шинэ журмыг эсэргүүцсэн хөдөлгөөн нэгдүгээр сарын 29-ний өдөр Канадад эхэлсэн. Ачааны машинуудын жолооч нарын нэгдсэн энэ арга хэмжээ коронавирусийн тархалтыг багасгахтай холбоотой хязгаарлалтын арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн жагсаал болон хувирсан юм. Ингээд олон зуун машин Оттава хотыг зорин ирж, хөдөлгөөнийг хааснаар байдал хурцдаж, улмаар хоёрдугаар сард энэ хотод онц байдал тогтоож байлаа.

 

"Эрх чөлөөний цуваа"-г дэмжигчдийн эсэргүүцэл Францад ч болсон бөгөөд энэ эсэргүүцлийн оролцогчид бямба гаригт Парисын төв рүү нэвтрэх гэсэн ч тэднийг оруулаагүй байна. Зөвхөн Франц, Канад төдийгүй Австралийн нийслэлд ч энэ төрлийн эсэргүүцэл болжээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, 10 мянга орчим хүн Парламентын байрны ойролцоо жагссан бол Шинэ Зеландад өнгөрсөн пүрэв гаригт зам хаасан хэргээр 100 хүн саатуулагдсан байна.

 

Америк, Канадыг холбосон гүүрийг эсэргүүцэгчид хаасны улмаас тээврийн хөдөлгөөн бүрэн зогсож, өдөрт 1,7 тэрбум доллараар хэмжигддэг хоёр орны худалдаа эргэлт саатан, Канадад хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж байв. Улмаар, хоёрдугаар сарын 11-ний өдөр Канадын шүүх гүүрийг чөлөөлж, чөлөөтэй нэвтрэх боломжийг бий болгох шийдвэрийг гаргасан ч жагсаалын ихэнх оролцогчид шүүхийн шийдвэрийг дагахаас татгалзжээ. Гэсэн ч цагдаагийнхан гүүрийг жагсагчдаас чөлөөлсөн бөгөөд гэхдээ одоогоор тээврийн хөдөлгөөн сэргээгүй байна. Өнөөдөртөө багтаж тээврийн хөдөлгөөнийг сэргээнэ гэж Канадын эрх баригчид мэдэгджээ.

 

Канадын цагдаагийн газрын мэдээлэлд өгүүлснээр, гүүрийг чөлөөлөх ажиллагааны явцад өмч хөрөнгөд хохирол учруулсан хэргээр 10 гаруй хүнийг саатуулсны дээр хэд хэдэн автомашиныг түр хугацаанд хураасан байна. Ням гаригийн өглөөний байдлаар энэ гүүрэн дээр цөөн машин л үлджээ. 

 

Гүүрийг эсэргүүцэгчдээс чөлөөлөхийн тулд цагдаагийнхан ням гаригийн өглөө иржээ. Энэ ажиллагаа нь долоо хоногийн туршид Канадын худалдааны гол замуудын нэгийг хаасан гацааг нэг мөр шийдсэн байна.

 

Ням гаригт шилжих шөнө хүйтний улмаас олон зуун жолоочоос ердөө 30 орчим нь үлдсэн байсан үеийг ашиглан ийнхүү гүүр чөлөөлөх ажлыг эхлүүлжээ. Цагдаагийнхан эсэргүүцэгчдийн хуаранг тойруулан бетон хаалт байрлуулсан байна. Энэ удаад цагдаагийн бие бүрэлдэхүүн эсэргүүцэгчдээс хавьгүй олон байсан тул тэднийг тарааж чадсан гэнэ. Долоо хоногийн хугацаанд Амбассадор гүүр хаалттай байсны улмаас Канадын эдийн засагт олон зуун сая долларын хохирол учирсан гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ