Камила Валиева олимпод үлдэнэ

Спортын арбитрын шүүх Оросын уран гулгагч Камила Валиевагийн допингийн асуудлаарх хэргийг шийдвэрлэжээ. Энэ талаар Комсомольская правда мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Спортын арбитрын шүүх 15 настай уран гулгагч Камила Валиеваг Бээжингийн олимпод үргэлжлүүлэн оролцуулах шийдвэр гаргажээ. Допингийн сорьц нь сэжигтэй гарсан Валиеваг түр хугацаанд тэмцээнээс хасах ОУОХ, ISU, Допингийн эсрэг агентлагийн гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.
Эргэн сануулахад, уран гулгагч Камила Валиевагаас 2021 оны 12 дугаар сард авсан допинг сорьцоос хориотой бодис илэрсний улмаас түүнийг тэмцээнээс хасах саналыг холбогдох газрууд гаргасан юм. Улмаар энэ сорьцтой холбоотой хэргийн улмаас Оросын уран гулгагчдад багийн төрөлд авсан алтан медаль гардуулахыг хойшлуулсны дээр Камила Валиева хоёрдугаар сарын 15-ны өдөр оролцох ганцаарчилсан тэмцээнд орох эсэх нь бүрхэг болоод байв.
Харин хоёрдугаар сарын 13-ны өдөр Спортын арбитрын шүүх шөнө дунд хүртэл хуралдан, энэ хэргийг шийдвэрлэснээр Камила Валиева тэмцээндээ үлдэхээр болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ