Туркмений тэргүүний хүү Ерөнхийлөгчид нэр дэвшлээ

Туркменистаны дэд сайд, өнөөгийн Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын хүү Сердар Бердымухамедов ирэх сарын 12-ны өдөр болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшжээ. Энэ талаар Интерфакс мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Туркменистаны Ардчилсан намын ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн хүүг сонгуульд нэр дэвшүүлэхээр болжээ. Үүнээс өмнө, хоёрдугаар сарын 11-ний өдөр Ардын зөвлөлийн хурал дээр тус улсын Ерөнхийлөгчийн албыг 15 жил хашиж байгаа Гурбангулы Бердымухамедов мэдэгдэл хийхдээ Парламентын дээд танхимын даргын албан тушаалаа л авч үлдэн, өнөөгийн эрх үүргээ залуу удирдагчид шилжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Энэ мэдэгдлийн дараа л түүнийг хүүдээ албан тушаалаа залгамжлуулах гэж байна гэсэн мэдээлэл цуврах болсон юм.
Туркменистанд ирэх сард болох сонгууль нь ээлжит бус сонгууль юм. Энэ улсын Үндсэн хуулинд зааснаар, Туркменистанд төрсөн, 40-өөс дээш насны, төрийн албан ёс хэл мэддэг, сүүлийн 15 жилийн хугацаанд улс орондоо байнга ажиллаж, амьдарч байсан хүн нэр дэвших эрхтэй аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ