"Довтолж болзошгүй" гэх мэдээллээс болж Украин сард гурван тэрбум доллар алдаж байна

Орос улс Украин руу довтолж болзошгүй гэсэн сэдэвт мэдээллийн урсгалаас болж Украины эдийн засаг сар бүр 2-3 тэрбум ам.доллар алдаж байгаа гэнэ. Энэ талаар Дээд Радын "Ард түмний зарц" намын фракцын тэргүүн Давид Арахамия мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.
"Үүнээс болж манай улсад сард л 2-3 тэрбум ам.долларын алдагдал учирж байна гэдгийг хүмүүс ойлгох ёстой. Бид гадаад зах зээлээс зээл авч болохгүй, учир нь хүү нь солиорсон мэт өндөр. Бид өдөр бүр эдийн засгийн алдагдлаа тооцож байна" хэмээн тэрбээр Украины телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.
Түүнчлэн барууны орнууд элчин сайдын яамнуудаа Киевээс Львов руу шилжүүлэх шийдвэр нь нөхцөл байдлыг улам дордуулж байгаа гэнэ.
"Хэн нэгэн нь элчин сайдын яамаа Львов руу шилжүүлэхээр шийдэх бүрийд энэ мэдээлэл нь Украины эдийн засагт олон зуун сая долларын хохирол учруулдаг гэдгийг тэд ойлгох ёстой" хэмээн Давид Архамия мэдэгджээ.
Үүнээс өмнө, нэгдүгээр сарын сүүлээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэл хийхдээ мэдээллийн орон зайд "ОХУ халдаж болзошгүй" гэх мэдээлэл гарч эхэлснээс хойш Украинаас 12,5 тэрбум ам.доллар урсан гарсныг онцолж байлаа.
Сүүлийн үед Барууны орнууд Оросыг Украины нутаг дэвсгэр рүү халдах гэж байна гэж мэдэгдэх болсон. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Киев дэх ЭСЯ-ыг Львов руу нүүлгэсэн бол дэлхийн 30 орчим орон иргэдээ Украинаас гарахыг уриалаад байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ