Сурвалжилга: Худалдаа, үйлчилгээний салбарынхан хотын даргын шийдвэрт талархаж байна

Лхагва гарагийн мэнд. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг тогтоох тухай захирамж гаргасан юм. Тодруулбал, захирамжаар зориулалтын байртай түргэн хоолны газар, дэлгүүр 24 цагаар ажиллах боломжтой. Харин нийтийн орон сууцанд байрладаг бол 00.00 цаг хүртэл ажиллаж болно. Мөн зориулалтын байртай ресторан, баар, кафе 05:00 цаг хүртэл, орон сууцанд байрладаг бол 00:00 цаг хүртэл ажиллаж болохыг захирамжид дурджээ. Түүнчлэн сар бүрийн 01-нд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон.
Тиймээс манай сурвалжлах баг дээрх шийдвэртэй холбогдуулан зарим үйлчилгээний газрууд болон иргэдээс саналыг нь сонслоо.
Нартай ч жавартай хүйтэн өдрүүд үргэлжилсээр. Сурагчдын улирлын урт амралт дуусаж хичээл эхэлсэнтэй холбогдуулан хөл хөдөлгөөн ихтэй байна. Гудамжинд зөрж өнгөрөх бүх хүн ямар нэгэн ажил, хэн нэгнийг зорьж оройн түгжрэлээс урьтаж яаран явна.
Сарын 01-нд согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрсөн нь зөв
Найман нэрийн дэлгүүрийн үйлчилгээ эрхлэгч Д.Даваа:
-Манайх найман нэрийн ААН учраас 24.00 цаг хүртэл ажилладаг. Үйлчилгээний газруудын цагийн хязгаарыг хэвийн горимд шилжүүлсэн нь зөв шийдвэр. Сар бүрийн 01-нд согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон нь зөв гэж бодож байна. Сарын 01-нд согтууруулах ундаа уух хүсэлтэй хүмүүс нь гадуур шагаар авч уудаг. Сарын эхний өдөр архи зарсан зараагүй архидалт багасахгүй нь ойлгомжтой. Тиймээс шийдвэрийг дэмжиж байна. ААН-үүд нь согтууруулах ундааны зүйлсээ зараад татвараа төлж байсан нь дээр.
Иргэдийн худалдан авах чадвар муудсан. Өдрийн орлого 40 хувиар багассан. Жишээлбэл, цар тахал гарахаас өмнө өдөрт дунджаар 10 талх худалдаалдаг байсан бол одоо 4 талх зарж байна. Зээл маш их тавьж байна. Өрийн дэвтэр маш олон болсон.
Сар бүрийн нэг өдөр архи худалдаалахгүй байх хэрэгтэй
Хүнсний дэлгүүрийн үйлчилгээ эрхлэгч Н.Уранчимэг:
-Цагийн хуваарийг хэвийн горимд шилжүүлсэн нь зөв. Сар бүрийн 01-нд архи зарахыг зөвшөөрсөн шийдвэрийг нь зөв буруу гэж хэлж мэдэхгүй юм. Дэлгүүр ажиллуулдаг хүмүүст орлогод нь нөлөөлөх байх. Гэхдээ архи уух хүний тоо нэмэгдэнэ. Тиймээс сар бүр нэгээс хоёр өдөр архи согтууруулах ундаа худалдаалахгүй байх хэрэгтэй.
Иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан. Энэ сар шинийн баяраар иргэдийн худалдан авалт бага байлаа.
Нийслэлийн засаг даргын шийдвэрийг дэмжиж байна
Үйлчилгээ эрхлэгч/нэрээ нууцлахыг хүсэв/:
-Нийслэлийн Засаг даргын гаргасан цагийн хуваарийг хэвийн горимд шилжүүлсэн болон сар бүрийн 01-нд архи согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрсөн шийдвэрийг дэмжиж байна.
Хүн бүр халдвар хамгааллын дэглэм баримтлах хэрэгтэй
Баянгол дүүргийн иргэн Б.Буянхишиг:
-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, бүх үйлчилгээний газруудыг хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллуулсан нь зөв. Урт хугацаанд хязгаарлалттай байлаа. Цаашид цар тахал байсаар л байна. Бид дасан зохицож амьдрах хэрэгтэй. Үйлчилгээний байгууллагуудын цагийг хэвийн горимд шилжүүлсэн ч бүх хүн халдвар хамгааллын дэглэм баримтлах хэрэгтэй.
Сар бүрийн 01-нд архи худалдаалахыг зөвшөөрсөн шийдвэр нь буруу. Сардаа ядаж нэг өдөр согтууруулах ундаа зарахаас,хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.
Сард нэг удаа архинаас татгалзах хэрэгтэй
Баянгол дүүргийн иргэн Г.Мэндээ:
-Цагийн хуваарийг хэвийн горимд шилжүүлж, хязгаарлалтыг цуцалсан нь зөв шийдвэр байлаа. Харин сарын 01-нд архи зарах шийдвэр нь буруу байх. Сардаа ядаж нэг удаа архинаас татгалзаж байвал зүгээр байх.
Хувь хүний сахилга бат хамгийн чухал
ХУД-ийн иргэн Г.Ганбилэг:
-Шийдвэрүүдийн мэдээллийг авсан. Цар тахалтай дасан зохицож амьдарч байгаа болохоор зөв шийдвэр гаргасан. Халдвар нэмэгдэх эсэх нь иргэдээс өөрөөс нь шалтгаална. Тиймээс хувь хүмүүс л өөрсдөө сахилга баттай байж, халдвараас хамгаалах хэрэгтэй гэж бодож байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ