Бельги ажлын дөрвөн хоногтой болохоор зэхэж байна

Коронавирусийн цар тахлаас "авсан сургамжийг харгалзан үзсэн" өөрчлөлтийг хөдөлмөрийн зах зээлд нэвтрүүлэхээр зэхэж байгаа талаар Бельгийн Ерөнхий сайд Александр де Кроо мэдэгджээ.
Ерөнхий сайдын мэдэгдсэнээр, хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэлтийн багц арга хэмжээ нь "ажилтнууд хувийн амьдрал, ажлаа сайтар хослуулах боломжийг олгохын тулд илүү их эрх чөлөө, илүү уян хатан байдлыг" тусгасан гэнэ.
Тухайлбал, нэмэлт амралтын өдөр авахын тулд ажлын өдөрт илүү их цаг ажиллах боломжтой болох юм байна. Ингэснээр хүмүүс долоо хоногийн дөрвөн өдөр ажиллаж, гурван өдөр амрах боломжтой болох аж. Ажлын ийм горимд шилжихийн тулд ажил олгогчийн зөвшөөрөл шаардлагатай бөгөөд харин ажил олгогч татгалзсан бол энэ нь үндэслэлтэй байх ёстой гэнэ.
Бельгид одоогоор хүн амын ажил эрхлэлт 71 хувьтай байгаа аж. Харин энэ үзүүлэлтийг 2030 он гэхэд 80 хувьд хүргэх зорилтыг засгийн газар өмнөө тавьжээ. Үүний тулд хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, шинэ ажил хайхад туслах зэрэг арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна. Засгийн газрын санаачилсан энэ шинэчлэлийн хөтөлбөрийг парламент, үйлдвэрчний эвлэлүүд баталснаар хэрэгжиж эхлэх гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ