ОУОХ: Камила Валиевагийн үр дүнг урьдчилсан дүн гэж тооцно

Оросын уран гулгагч Камила Валиева эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд шагналт гурван байранд багтвал түүний үр дүнг урьдчилсан дүн гэж тооцно хэмээн Олон улсын олимпын хороо мэдэгджээ.
"Олимпын наадмын ганцаарчилсан тэмцээний үр дүнг урьдчилсан дүн гэж тооцон, ард нь од тэмдэглэнэ. Одоогоор хэргийг шалгаж байгаа, хараахан дуусаагүй" хэмээн Олон улсын олимпын хорооны төлөөлөгч Марк Адамс мэдэгдсэн байна.
Эргэн сануулахад, хоёрдугаар сарын наймны өдөр Оросын уран гулгагч Камила Валиевагийн сорьцоос хориотой бодис илэрсэн талаарх мэдээлэл цацагдсан. Энэ сорьцыг Валиева 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Оросын АШТ-д оролцох үеэрээ өгсөн ч ийнхүү олимпын үеэр энэ асуудал дэлгэгдсэн байна. Үүний улмаас Оросын уран гулгагчдын багийн тэмцээнд ялсан шагналыг гардуулаагүй байгаа юм. Камила Валиевагаас хориотой бодис илэрсэн тул түүнийг тэмцээнээс хасах асуудлыг Спортын арбитрын шүүх хэлэлцээд тэмцээнийг үргэлжлүүлэх эрх өгсөн. Харин үүний дараа Олон улсын олимпын хороо мэдэгдэл хийхдээ хэрэг шалгагдаж дуусаагүй, Валиева ганцаарчилсан төрөлд эхний гурван байранд орсон ч шагнал гардуулах ёслол болохгүй хэмээн мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ