Бээжин-2022-ын нэхмэл цэцгийн баглааг өндөр настнууд бүтээжээ

Бээжин хотноо үргэлжилж буй Өвлийн олимпын үеэр тамирчдад гардуулж байгаа цэцгийн баглаа ихээхэн анхаарал татаж байгаа юм. Тогтвортой хөгжлийн баримтлалдаа нийцүүлэн наадмын зохион байгуулагчид ёслолын үеэр амьд цэцэг гардуулахаас татгалзан, үүний оронд нэхмэл цэцгийн баглаа сонгожээ.
Бүх ялагчдад гардуулахын тулд 16 731 цэцгээс бүрдэх 1251 баглаа нэхэх шаардлагатай болсон гэнэ. Цэцэгсийг ноосон утсаар, дэгээ зүүгээр нэхэж байгаа бөгөөд нэг дэлбээг нэхэхэд 20 минут, нэг цэцгийг таван цаг зарцуулах бол цэцгийн баглааг бэлтгэхэд 40 цаг шаардлагатай байсан аж.
Медаль гардуулах ёслолын цэцгийн баглааг Хятадын өндөр настнууд нэхэж байгаа бол паралимпийн тамирчдад зориулсан баглааг хөгжлийн бэрхшээлтэй нэхмэлчид бэлтгэж байгаа юм байна.
Нэхмэл цэцгийн баглаа нь олимпын зургаан өнгөнөөс бүрдсэн, цэцэг бүр нь бэлгэдэлтэй гэнэ. Баглаанд сарнай хонго, хятад сарнай, хөндий сараана, анхилуун үнэрт османтус, лавр, чидун жимсний мөчир багтаж байгаа бөгөөд эдгээр нь найрамдал, тэвчээр, аз жаргал, нэгдмэл байдал, ялалт, өгөөмөр зан, энх тайвныг бэлгэдэж байгаа аж. Харин паралимпийн тамирчдад өгөх цэцгийн баглаанд эрх чөлөө, мөнхийн жаргалын бэлгэдэл болсон космея цэцэг багтаж байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ