Рембрандтын зураг Боинг онгоцны үнэ хүрчээ

Ротшильдийнхны гэр бүл Рембрандтын зургийг Нидерландад 175 сая еврогоор заржээ. Энэ үнийн дүнгийн 150 сая еврог Нидерландын засгийн газар, харин үлдэгдэл мөнгийг Рембрандтын холбоо болон Нидерландын улсын музей гаргасан байна.
Хэвлэлүүд энэ худалдааны талаар мэдээлэхдээ зураг Боинг онгоцны үнэ хүрсэн хэмээн онцолж байна. Учир нь Боинг 737-800 онгоц ойролцоогоор 100 сая еврогийн үнэтэй байдаг гэнэ.
Ротшильдийнхны гэр бүл энэ зургийг 1844 оноос эхлэн эзэмшжээ. 2018 онд Ротшильдийнхэн энэ зургийг зарах саналаа Францын засгийн газарт гаргаж байсан гэнэ. Улмаар Франц улс Рембрандтын "Тугчин" зургийг Луврын музейд худалдан авахын тулд зургийг түр хугацаанд гадагш зөөвөрлөхөд 30 сарын хориг тавьж байсан аж.
Гэвч 30 сарын хугацаанд Луврын музей энэ зургийг авч чадаагүй тул Нидерландын Улсын музей авахаар болсон байна. Суут зураачийн бүтээлийг худалдан авах асар өндөр төлбөрийг төлөхийн тулд Нидерландын Засгийн газар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамныхаа төсөвт тодотгол хийх шаардлагатай болсон гэнэ.
"Тугчин" нь Рембрандтын хамгийн алдартай зургуудын нэг юм. Энэ бүтээлийг Рембрандт 30 настай байхдаа 1636 онд бүтээжээ. Тугчны дүрээр Рембрандт өөрийгөө дүрсэлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ