Навальный: Химийн зэвсгээс ч, Путинээс ч айхгүй байна

Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг шүүх ээлжит хурлыг хоёрдугаар сарын 15-ны өдөр Москва хотын Лефортовскийн шүүх Покров хотын засан хүмүүжүүлэх газарт болжээ. Энд Навальный "Ив Роше"-гийн гэх хэргээр ял эдэлж байгаа юм. Шүүх хурлын үеэр Навальный үг хэлж, өөрт нь тулгасан ялын талаарх байр сууриа илэрхийлсэн талаар DW агентлаг дамжуулсан байна.
Тэрбээр хэлсэн үгэндээ "Кремль болон бусдын зөвшөөрөлгүйгээр улс төрийн үйл ажиллагаа явуулсан"-ых нь төлөө өөрийг нь мөрдөж мөшгиж байгаа хэмээжээ.
"Би өөрийгөө энд болж байгаа бүхнийг үзэн ядаж байгаагаа илэрхийлж, улс төрийн ямар нэг шаардлага тавих бүрэн эрхтэй гэж бодож байна" хэмээн Алексей Навальный цохон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн гадаадаас хөрөнгө татахаас өөрөөр "улс төрийн үйл ажиллагааг шударгаар явуулах" арга зам олж харахгүй байгаагаа онцолжээ.
"Шүүх, шорон, Путинээс ч айхгүй"
Алексей Навальный 2020 оны зун онгоцоор зорчиж явах үедээ бие нь гэнэт муудаж, улмаар онгоц нь яаралтай газардан эмнэлэгт хүргэж байлаа. Тэрбээр Оросын эмнэлэгт хэсэг хугацаанд ухаангүй байсан бөгөөд улмаар Навальныйг Герман руу шилжүүлэн эмчилсэн юм. Түүнийг "Новичок" гэх химийн хороор хордуулсан нь тогтоогдож, үүнийг Кремлийн талынхан хийсэн гэсэн яриа гарч, улмаар олон улсад ихээхэн шуугиан дэгдэж байв. Тэрбээр хоёрдугаар сарын 15-ны өдөр болсон шүүх хурлын үеэр энэ сэдэвтэй холбоотой үгсийг мэдэгдэлдээ дурджээ.
"Би энэ шүүх хурлаас ч, шоронгоос, Аюулгүй байдлын албанаас ч, прокурорын газар, химийн зэвсэг, Путинээс мөн бусдаас нь ч айхгүй байна. Энэ бүхнээс айх нь ашиггүй, өөрийгөө дорд үзсэн хэрэг тул би огт айхгүй" хэмээн Навальный мэдэгджээ.
Энэ удаад түүнийг "онц их хэмжээний луйвар хийсэн", шүүхийг үл хүндэтгэсэн хэмээн буруутгаж байгаа юм. "Луйврын хэрэг"-ийг 2020 оны сүүлээр нээсэн аж. Алексей Навальный болон түүний багийнхан "Авлигатай тэмцэх сан" болон Навальный сүлжээ штаын үйл ажиллагаанд зориулсан хандив гэж цуглуулсан 3256 сая рублийг хувьдаа завшсан гэж мөрдөн байцаагчид үзсэн юм.
Харин шүүхийг үл хүндэтгэсэн гэх хэргийг 2021 оны тавдугаар сард нээсэн байна. Навальныйг ахмад дайчныг гүтгэсэн хэрэгт буруутай хэмээн шийдвэр гаргасан шүүгч Вера Акимоваг доромжилсон гэж үзэн ийм хэрэг нээжээ. Улмаар луйвар болон шүүхийг үл хүндэтгэсэн гэх хоёр хэргийг хамтад нь шүүхээр болсон байна.
Алексей Навальныйн хэрэг
Алексей Навальный 2020 онд "Новичок" бодисоор хордсоныхоо дараа Германд эмчилгээ хийлгүүлж байгаад, Орос руу 2021 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр буцан очсон өдрөө нисэх буудлаас баривчлагдсан юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын хоёрны өдөр Москвагийн шүүх түүний "Ив Роше"-ийн хэргээр авсан тэнсэн харгалзах ялыг биеэр эдлэх ял болгон өөрчилсөн. Ингэснээр гэрийн хороинд байсан хугацааг хасаж, Навальный хоёр жил зургаан сарыг шоронд өнгөрүүлэх болсон юм.
2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Навальный өөрийг нь эмчид үзүүлэхгүй байгааг эсэргүүцэн өлсгөлөн зарласан байна. Түүний хамтран зүтгэгчид болон өмгөөлөгчид нь Навальныйн бие муудсан, шаардлагатай эм тариа оруулахгүй байгаа талаар удаа дараа мэдэгдэж байлаа. Мөн хорих газрын ажилтнууд хүчээр хооллохыг завдсан гэж Навальный мэдэгдэж байв. Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр түүнийг хорих газрын нутаг дэвсгэр дээрх хоригдлуудыг эмчлэх эмнэлэгт шилжүүлсэн гэж мэдэгдсэн ч Навальныйн хамтран зүтгэгчид өөрсдөө холбоо тогтоотлоо үүнд итгэх аргагүй хэмээн мэдэгдэж байлаа. Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын дундуур өлсгөлөнгөө зогсоосон юм.
Европын холбоо, АНУ, Их Британи, Балтийн орнууд Навальныйд зохих ёсоор эмнэлгийн тусламж үзүүлэх, өмгөөлөгчидтэйгээ харилцахыг зөвшөөрөхийг Оросын эрх баригчдад хандан уриалсан юм. Харин АНУ Навальныйг нас барсан тохиолдолд "шангаа хүртэнэ" гэж Оросыг сүрдүүлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ