Хичээл эхлэх хугацааг ӨӨРЧИЛЬЕ

Пүрэв гарагийн мэнд. Урт хугацааны улирлын амралт дуусч, хичээл эхэлсэн. Эдгээр эдгээр өдрүүдэд их хотын түгжрэл хүн бүрийн толгойн өвчин болж байна. Жилийн жилд нийслэлчүүд түгжрэлийн зовлонтой. Ялангуяа хүүхдээ хичээлд нь хүргэж өгөөд ажилдаа явдаг эцэг эхчүүдэд бүр ч хүндрэлтэй. Гэхдээ дан ганц түгжрэлээр асуудал дууссангүй. Тодруулбал, нийтийн тээврийн хүрэлцээ муу.
Иргэд өглөө эртлэн босож, автобусны буудлууд дээр зогсоно. Ажил, хичээлээсээ хоцрохгүйн тулд автобусны хаалганд хавчуулагдаад ч хамаагүй багтаж зорчих гэж хичээх иргэд. Автобусанд багтаж л байвал хүн хоорондын зай баримтлах бол дүүрсэн хэрэг.
Коронавирус халдварын энэ үед иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хүн хоорондын зай, амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгахыг ЭМЯ болон мэргэжлийн байгууллагуудаас үргэлж сануулж буй. Гэвч үнэндээ нийтийн тээвэрт хүн хоорондын зай гэдэг үгийг мартах хэрэгтэй.
Хэдийгээр Засгийн газраас түгжрэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгаа гэдэг боловч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй хэвээр байна. Өөрөөр хэлбэл, түгжрэлийг аргацаах бус шийдэл хэрэгтэй байна.
Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор түгжрэлд нөлөөлдөг бүсэд байршилтай нийслэлийн ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхэлж, дуусах цагийн зохицуулалтыг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн ажлын цагтай уялдуулан, уян хатан байдлаар зохицуулах асуудлыг судалж, турших арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан. Үүний дагуу судалгаанд үндэслэн түгжрэлд нөлөөлдөг төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 36, нийт 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулах санал боловсрууллаа. Эдгээр 59 сургуулийн 44 нь Их тойрууд байршилтай бол 15 нь Хан-Уул дүүрэг буюу Яармагт байрладаг. Дээрх сургуулиудад нийт 85.207 хүүхэд суралцаж байгаагаас 23.952 буюу 28.1 хувь нь такси болон хувийн унаагаар хичээлдээ явдаг гэсэн судалгаа гарчээ.
Дээрх 59 сургуулийг байршил, зорчих хөдөлгөөний урсгалаар бүсчлэн ойр байршилтай сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийг зөрүүлэх
-
Сургууль 1 - 07:45 цагт хичээл эхлэх
-
Сургууль 2 -08:15 цагт хичээл эхлэх
-
Сургууль 3 -09:00 цагт хичээл эхлэх
Мөн дээрх зохицуулалттай уялдуулан нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийн уян хатан болгох
-
Ажил эхлэх цаг -07:00-10:00
-
Ажил тарах цаг -16:00-19:00
07:00 цагт ажилдаа ирсэн бол 16:00 цагт тарж, 10:00 цаг ажилдаа ирсэн бол 19:00 цагт тарж болно. Байгууллага тус бүр цагийн бүртгэлээ уян хатан болгож, зохицуулалт хийх боломжтой гэнэ.
Санал асуулга өчигдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 16-ны 14:00 цагаас 2022 оны хоёрдугаар сарын 18-ны 14:00 цаг хүртэл үргэлжлэх аж.
Сургуулиудын хичээл эхлэх хугацааг өөрчилбөл түгжрэл бага ч гэсэн буурах боломжтой. Тиймээс түгжрэлийг бууруулахын тулд хичээл эхлэх хугацааг өөрчилье.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ