Александра Трусова: Би энэ спортыг үзэн ядаж байна
Хоёрдугаар сарын 17-ны өдөр болсон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн чөлөөт үзүүлбэрийн үеэр Оросын уран гулгагч Александра Трусова хосгүй үзүүлбэр толилуулав. Тэрбээр дөрвөлсөн үсрэлтийг таван удаа хийж, Олимпын наадмын үнэмлэхүй дээд амжилтыг тогтоосон юм.
Ийм амжилт үзүүлсэн ч тэрбээр хоёрдугаар байранд орлоо. Александра чөлөөт үзүүлбэртээ хамгийн өндөр болох 177,13 оноо авсан ч богино үзүүлбэртээ дөрөвт бичигдсэний улмаас нийлбэр дүнгээр эхний байранд орж чадсангүй.
Хоёр удаа дөрвөлсөн үсрэлт гүйцэтгэсэн Аня Щербакова чөлөөт үзүүлбэрт 175,75 оноогоор хоёрдугаарт бичигдсэн ч нийт оноо нь 255,95 болж 251,73 оноотой Трусовагийн дээр бичигдсэн юм.
Тэмцээн дууссаны дараа шууд дамжуулалтын үеэр камерын дуранд Камила Валиева, Трусова нар уйлж байгаа нь өртжээ. Валиева дөрөвдүгээрт орсондоо уйлсан бол олимпын дээд амжилт тогтоосон Трусова мөнгөн медаль авсандаа харуусаж байсан нь энэ.
"Үзэн ядаж байна! Дахиж хэзээ ч мөсөн талбайд гарахгүй! Би энэ спортыг үзэн ядаж байна! Бүгдийг үзэн ядаж байна!" хэмээн Трусова уйлан, хашгирчээ.
"Бүгд л алтан медальтай! Харин надад байхгүй. Би энэ спортыг үзэн ядаж байна. Дахиж хэзээ ч энэ мөсөн дээр гарахгүй. Ингэж болохгүй, ингэж болохгүй шүү дээ!" хэмээн гомдсон Трусова хашгирсаар байв.
Тамирчдад цэцэг гардуулах ёслол руу явахгүй зогсох Трусовад дасгалжуулагч Этери Тутберидзе нь ямар нэг зүйл хэлэхийг хүсэхэд "Та бүгдийг мэдэж байсан, мэдэж байсан шүү дээ!" хэмээн хашгирч байв.
Түүний энэ сэтгэл хөдлөл нэг их удсангүй. Тусгайлсан бүсэд сэтгүүлчидтэй уулзах үеэр тэрбээр хэдийнэ уйлахаа больсон байсны дээр хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр инээмсэглэж байлаа.
"Би гурван жилийн хугацаанд тэмцээнүүдэд ялалт байгуулаагүй. Алдаатай гүйцэтгэлийнхээ улмаас ялахгүй байна гэж бодож байсан. Харин өнөөдөр би бүхнийг хийсэн ч дахиад л ялагдчихлаа" хэмээн Трусова өгүүлжээ.
"Орос пуужин"
Нутагтаа "Орос пуужин" хочтой болсон Александра Вячеславовна Трусова 2004 оны зургадугаар сарын 23-ны өдөр Рякань хотод төржээ. Дөрвөн настайгаасаа уран гулгалтаар хичээллэж байсан тэрбээр чөлөөт үзүүлбэрт таван удаа дөрвөл үсрэлт хийсэн дэлхийн анхны эмэгтэй уран гулгагч болсон юм.
2021 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2020, 2022 оны Европын АШТ-ий хүрэл медальт, 2019 оны Гран-пригийн хүрэл медальт, 2019, 2022 онуудын Оросын АШТ-ий мөнгөн медальт, 2020, 2021 онуудын Оросын АШТ-ий хүрэл медальт, 2018, 2019 оны өсвөрийн ДАШТ-ий хоёр удаагийн аварга, 2017 оны Өсвөрийн Гран-пригийн ялагч, 2018 онд тус тэмцээний мөнгөн медаль хүртэж байжээ.
Тэрбээр Олон улсын тэшүүрчдийн холбооны ивээл дор болсон тэмцээнүүдэд дөрвөл лутц, тулуп, флип гүйцэтгэсэн түүхэн дэх анхны эмэгтэй уран гулгагч юм. Түүнчлэн нэг үзүүлбэрт хоёр дөрвөл гүйцэтгэсэн анхны уран гулгагч гээд олон дээд амжилтын анхдагч болжээ.
Трусова Олон улсын тэшүүрчдийн холбооны рейтингэд 2022 оны нэгдүгээр сарын 15-ны байдлаар хоёрдугаар байранд бичигдэж байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ