Ковид хүний сэтгэцэд аюултай үр дагавар дагуулдаг нь тогтоогджээ

img

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой хор нөлөө учирсан байдгийг Вашингтоны их сургуулийн Анагаах ухааны сургуулийн судлаачид илрүүлжээ. Тэд судалгааныхаа үр дүнг BMJ анагаах ухааны сэтгүүлд хэвлүүлсэн байна. 

 

Эрдэмтэд PCR шинжилгээ нь эерэг гарсан 153 848  насанд хүрэгчийн мэдээллийг судлаж, коронавирусийн халдвар аваагүй хяналтын бүлгийн мэдээлэлтэй харьцуулжээ. Түүнчлэн коронавирусийн халдвар туссан өвчтөнүүдийн мэдээллийг томуу туссан хүмүүсийнхтэй ч харьцуулж үзсэн бөгөөд сэтгэцийн өвчлөл үүсэх нь гагцхүү коронавирусээс үүдэлтэй эсэхийг тогтоохын тулд ийм харьцуулалт хийсэн байна.

 

Ингээд судалгааны дүнгээр, коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс сэтгэл түгших эмгэгт өртөх нь 35 хувиар илүү, сэтгэл гутралд орох нь бусдаас 40 хувиар илүү байгааг тогтоожээ. Түүнчлэн ковид тусаад эдгэрсэн хүмүүст нойргүйдэх шинж тэмдэг илрэх нь бусадтай харьцуулахад 41 хувиар их, мартах, ой санамж муудах, анхаарал  төвлөрөхгүй байх зэрэг шинж тэмдгүүд илрэх нь 80 хувь их байсан аж. 

 

Үүний шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй ч вирус тархинд нэвтэрч, мэдрэлийн эсүүдийг гэмтээн, сэтгэцийн эмгэгүүдийг үүсгэдэг байж болзошгүй хэмээн эрдэмтэд таамагласан байна. Түүнчлэн коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсээс эдгээр өвчнийг илрүүлэхэд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг эрдэмтэд онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
монгол бараг бүгд хүрсэн баларах юм бна даа.
2022-02-18