Ялагчийн түүх буюу алт хүртсэн Анна Щербакова

img

Допинг дуулианд нэр холбогдсон Камила Валиевагийн талаар дэлхий даяар шуугиж байх зуур Оросын өөр нэг уран гулгагч Анна Щербакова Бээжингийн олимпоос алтан медаль хүртлээ. 

 

Өдгөө 17 настай Анна ердөө таван жилийн өмнө хөлөө хугалж, тэмцээнд оролцох боломжгүй болж байв. Харин өнөөдөр ийнхүү дэлхийн №1 уран гулгагч болсноо тунхаглав. 

 

Анна Щербакова 2004 онд Москва хотноо төржээ. Ингээд гурван настайгаасаа буюу 2007 оноос Юлия Красинская, Оксана Булычева нарын дасгалжуулагчдын удирдлаган дор уран гулгалтаар хичээллэж эхэлсэн байна. Харин 2013 онд Этери Тутберидзегийн багт оржээ.

 

Өсвөр насныхны анхны улирал түүний хувьд эмгэнэлтэй үйл явдалтай давхацсан юм. Анна 2017 онд бэлтгэлийн үеэр хөлөө хугалж, олон улсын өсвөрийнхний тэмцээнд оролцохоо нэг жилээр хойшлуулж байв. Үлдсэн улиралд нь Оросын тэмцээнүүдэд оролцон, Оросын АШТ-ий 13 дугаар байранд бичигдэж байсан бол дараа жил нь, 2018 онд Оросын цомын тэмцээнд ялалт байгуулж байлаа. 

 

Хэдийгээр гэмтсэн ч Анна 2018 оны дөрөвдүгээр сард бэлтгэлдээ хүчээ дайчилж байсан бөгөөд эмэгтэй уран гулгагчдын түүхэнд анх удаа дөрвөл лутц-гурвал риттбергер-гурвал тулупын каскапыг цэвэр гүйцэтгэсэн юм.

 

2019 оны 12 дугаар сард болсон Оросын насанд хүрэгчдийн АШТ-д анх удаа оролцохдоо дөрвөл үсрэлтийг анх удаа хийв. Богино үзүүлбэрийн дүнгээр тавдугаарт бичигдсэн ч дөрвөл лутц хийж чөлөөт үзүүлбэрээ цэвэр гүйцэтгэсэн, мөн өрсөлдөгчид нь алдаа гаргасны улмаас тэрбээр Оросын аварга болж чадсан байна. Үүний дараа улсынхаа гурван удаагийн аварга болж байсан Анна 2021 онд л Оросын АШТ-ийг алтан медальгүй өндөрлүүлж байжээ.

 

Анна Щербаковагийн хувьд хамгийн амжилттай үе нь 2020-2021 оны улирал байв. Тэрбээр оролцсон бүхий л тэмцээндээ ялж байлаа. Одоо Анна Олон улсын тэшүүрчдийн холбооны чансаад нэгдүгээр байранд бичигдэж байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тогоо:
Залуу насныхаа ид хавыг үзүүллээ дээ.. Авьяастай, хөдөлмөрч, хөөрхөн охинд баяр хүргэе ээ??????❤️
2022-02-21
зочин:
Орос нэг өгөөш шидээд залгуулаад аврагаа гаргаж ирж байна. Энэ зөв л дөө.Камила тэртээ тэргүй дараагийн аврага
2022-02-18