Д.Цэндсүрэн: Ч.Хүрэлбаатарын дээрэмчид Увс аймгийг тонож дээрэмдээд дуусч байна

2012-2016 онд Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэндсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би 2016 онд ажлаа өгснөөс хойш АТГ-т гурван жил шалгуулсан. Авлига, албан тушаалын хэрэг тогтоогдоогүй гэж АТГ гурван удаа хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл гүжир гүтгэлэг зогсохгүй байгаа учраас тайлбар өгч буй”-гаа хэвлэлийн хурлын эхэнд хэллээ.
Мөн тэрбээр “Асуудал байгаа бол одоо ч шалгуулахад бэлэн. Гэхдээ Увс аймгийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Батжаргал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тэргүүтэй хүмүүстэй хамтдаа шалгуулъя. Та нарын ард түмнийг ялгаварлан гадуурхсан, ард түмнээс хулгай хийсэн, авлига, албан тушаалын хэрэг цэцэглүүлсэн үйлдлийг чинь шалгах цаг болсон. Ялангуяа сүүлийн 15 жилд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дээрэмчид Увс аймгийг тонож дээрэмдээд дуусч байна. Тэнд баригдаж буй барилга бүрийн ард авлига хээл хахууль, хариуцлагагүй байдал байдаг. Жишээлбэл:
-
Увс аймагт улсын төсвийн 4 тэрбум төгрөгөөр усан бассейн барихаар гүйцэтгэгч компани санхүүжилтынхаа 92 хувийг авсан. Гэтэл одоо гүйцэтгэгч компани олддоггүй. Одоо мөнгө ч байхгүй, гүйцэтгэгч компани ч байхгүй, сэг болсон барилга байна.
-
Увс аймагт баригдсан эмнэлгийн барилга цахилгаан шаттай байх ёстой. Гэтэл цахилгаан шат нь байхгүй. Цахилгаан шатыг нь хулгайлчихсан.
-
Увс аймагт улсын төсвийн 6.8 тэрбум төгрөгөөр драмын театр барихаар гүйцэтгэгчийг шалгаруулж, барьсан. Баригдаж дуусаагүй дутуу барилга дээр одоо 6 тэрбум төгрөг нэмж суулгасан. Гүйцэтгэгч компанийн захирал нь Ч.Хүрэлбаатарын сонгуулийн ажилтан Б.Дүгэрээ гэдэг хүн бий.
-
Увс аймагт 6 тэрбум төгрөгөөр эхэлсэн коллежийн барилгын төсөв дахиад 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Босоогүй барилгын төсөвт өртөг нь 1.8 тэрбумаар нэмэгдсэн.
-
Чандмань суманд 2.2 тэрбум төгрөгөөр авто зам барихаар гүйцэтгэгч компани санхүүжилтын 92 хувийг аваад явсан. Одоо зам байхгүй, мөнгө ч байхгүй таван жил болж байна.
Энэ жишээнүүд мөсөн уулын орой. Үүний цаана асар их авлига бий. Үүнийг АТГ шалгах ёстой”-г Д.Цэндсүрэн хэлж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ