Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-аас ХАСЛАА

МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар "МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр ээлжит хурлаа зохион байгуулж, МАН-ын XXX дугаар их хурлаас дүрэмд орсон сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой заалтуудад орсон нэмэлт өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх талаар тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
МАН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтүүд,
Нэгдүгээрт, МАН-ын гишүүн нь цаг хугацаанаас үл хамаарч, авилга албан тушаалын гэмт хэргээр буруутай нь шүүхээр тогтоогдож, ял шийтгэл эдэлж байсан бол МАН-ын сонгуульт албан тушаалд нэр дэвшихгүй, улс төрийн дэмжлэг авахгүй, улс төрийн бүх шатны сонгуульд нэр дэвших боломжгүй болсон.
Хоёрдугаарт, МАН-аас улс төрийн болон төрийн өндөр албан тушаалд, сонгогдож, томилогдож ажиллаж байх хугацаандаа авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, тэр нь хуулийн байгууллагаар тогтоогдож, яллагдагчаар татагдсан тохиолдолд МАН-аас өөрийн хүсэлтээр 30 хоногийн дотор түдгэлзэх хүсэлтээ ирүүлдэг. 30 хоногийн дотор түдгэлзэх хүсэлтээ ирүүлээгүй тохиолдолд хяналтын ерөнхий хороо хуралдаж, намын гишүүнээс нь түдгэлзүүлнэ.
Гуравдугаарт, Авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, ял шийтгэл оноосон тохиолдолд МАН-ын гишүүнээс гарсанд тооцох шийдвэрийг хяналтын ерөнхий хорооноос гаргах гэсэн гурван сахилга хариуцлагын нэмэлт өөрчлөлт орсон.
Энэхүү дүрмийн нэмэлт өөрчлөлтийг ес хоногийн өмнө Улсын дээд шүүх бүртгэсэн. Тухайн цаг үеэс эхэлж МАН-ын дүрэм мөрдөгдөж эхэлсэн.
Мөн өнөөдөр намаас гарсанд тооцсон тухай асуудлыг хэлэлцлээ. Авлига, албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон зэрэг зүйлчлэлээр ял шийтгэл сонсоод, хугацаа нь дуусаагүй, ял шийтгэлээ биеэр болон бусад байдлаар эдэлж байгаа зарим гишүүнийг намаас гарсанд тооцсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-ын гишүүнчлэлээс хасаж, гарсанд тооцлоо.
Дүрмийн дагуу авилга албан тушаалын хэрэг, гэмт хэрэгт холбогдоод явж байгаа гишүүд 30 хоногийн дотор намаас түдгэлзэх хүсэлтээ ирүүлэх ёстой. Энэ 30 хоногиийг өнөөдрөөс эхэлж тоолно.
Хөгжлийн банкны зээлийн асуудалд манай намын нэр бүхий хүмүүс холбогдсон. Өнөөдрийн байдлаар холбогдох хууль хяналтын байгууллагаас нь Хөгжлийн банкны зээлийн асуудалд холбогдоод байгаа хүмүүсийг яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл ирээгүй. Хууль хяналтын байгууллагад албан хүсэлт илгээнэ. Хөгжлийн банкны зээлийн асуудалд нэр холбогдоод буй гишүүдээсээ ажлын гурав хоногийн хугацаанд албан тайлбар авна. МАН-ын Хяналтын Ерөнхий хороо Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж эхэллээ гэж ойлгож болно" гэж мэдээллээ.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ